Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 202,000 тохиолдол шинээр бүртгэгдэж 4,000 гаруй хүн нас баржээ
Халдварын тоогоор БНЭУ ОХУ-ын урд орж, дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ, Перу, Чили улсууд тэргүүлж байна.
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС
Өчигдөр АНУ-д шинэ халдварын тоо буурч 44,000 гаруй шинэ тохиолдол, 235 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 2,886,000 гаруй болж, 129 мянга гаруй хүн эндээд байна. Халдвар хүн амын дунд өргөн хүрээнд тархаж байгаа тул АНУ-ын хэмжээнд нийт 35 муж улсад амны хаалт зүүхийг шаардлага болгож байна.
БРАЗИЛ УЛС
Бразил улсад өчигдөр 20,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 620 хүн нас барлаа. Нийт халдварын болон эндэгдлийн тоо бага зэрэг буурсан үзүүлэлтэй. Тус улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо өссөн дүнгээр 1,623,000-д хүрч, 65,400 гаруй хүн энджээ.
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛС
Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 24,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 697,000-д хүрч БНЭУ ОХУ-ын урд орлоо. Мөн өдөр 425 нас баралт бүртгэгдэж, COVID-19-ийн улмаас эндсэн хүний тоо 19,000 гаруй болжээ.
ОХУ БОЛОН КАЗАХСТАН УЛСУУД
Европын бүсэд ОХУ-д халдвар өссөн дүнгээр 687,000 гаруй болж, дэлхийн хэмжээнд дөрөвдүгээрт бүртгэгдэж байна.
Казахстан улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,403 шинэ тохиолдол 18 нас баралт бүртгэгдэж нийт халдварын тохиолдол 48,500 гаруйд хүрлээ.
ЯПОН УЛС
Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 179 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 102 нь Токио хотод бүртгэгдсэн байна.
ВЬЕТНАМ УЛС
Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад өнгөрсөн хоногт 14 тохиолдол шинээр бүртгэгджээ. Тус улсад 81 хоногийн турш нэг ч халдвар илрээгүй байсан бөгөөд шинээр бүртгэгдсэн 14 тохиолдол нь бүгд гаднаас зөөвөрлөгдсөн аж. Мөн тэдгээрийг бүгдийг нь эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Вьетнам улсад бүртгэгдсэн нийт халдвар 369 болсон бөгөөд нас баралт бүртгэгдээгүй юм.
АВСТРАЛИ УЛС
Австралийн холбооны улсад сүүлийн 24 цагийн дотор 140 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 127 нь Виктория мужид бүртгэгдсэн байна. Виктория мужид дэгдсэн халдварыг хязгаарлахын тулд тус хотын нийтийн орон сууцын 3000 гаруй иргэнийг гэрээсээ гарахыг хориглон хатуу хөл хорио тогтоосон байна. Түүнчлэн хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа.
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС
Солонгос улсад өчигдөр 44 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн эндлээ. Шинэ тохиолдлуудын 20 нь дотоодын халдвар бол 24 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС
БНХАУ-д даваа гарагт дотоодод шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Харин гаднаас найман тохиолдол бүртгэгджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.