ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 11 сая 692 мянган хүн өвчилж, 539 мянган хүн нас баржээ. Улмаар 6.6 сая хүн эдгэрч, таван сая хүн эмчлүүлж байгаа юм. Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд 138 мянган хүн шинээр өвчилж, 3000 гаруй хүн нас барсан. АНУ-д 44.000, Бразилд 20.000, Энэтхэгт 24.000 шинэ тохиолдол нэмэгдсэнээр дэлхийн өндөр өвчлөлтэй орнуудын эхний гуравт орж байна.
Хөл хориогоо гэнэт сулруулсан улс орнуудад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна. Улс орнууд эдийн засгаа сэргээх нь зөв боловч цаг үеэ олоогүй шийдвэр олон хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх магадлалтайг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа юм.
ОХУ-д сүүлийн 24 цагт 6,611 хүн шинээр халдвар авч, 135 хүн эндсэн байна. Тувад нийт өвчлөлийн тоо 5,000 давсан бөгөөд сүүлийн гурав хоног үл ялиг хэмжээгээр шинэ халдварын тохиолдол буурлаа.
ДЭМБ-аас цар тахлыг даван туулахад Засгийн газрын үүрэг оролцооноос илүү хувь хүний хариуцлага чухал болохыг онцолжээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
ХӨСҮТ-өөс 2020 оны долдугаар сарын 06-нд нийтдээ 757 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 752 сорьц сөрөг гарч, коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг, боомтоор орж ирсэн 20-34 насны таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Мөн өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжлээ. 6-39 насны иргэд нийтдээ 15 хоног эмчлэгдэн гарлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.