Дэлхийд тархсан коронавирусийн эсрэг ОБЕГ-ын үйл ажиллагаанд зориулсан "THE HU" хамтлагийн "ГЭРЭГ" хандивын тоглолт өнгөрөгч зургадугаар сарын 29-нд амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус тоглолтоос нийт 55 сая төгрөг Улсын Онцгой комиссын хандивын дансанд цугларчээ.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин:
”Манай ард түмэн төрөө хүндэтгэдэг, төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг ёсчлон биелүүлдэг сахилга баттай ард түмэн гэдгээ өнгөрсөн зургаан сарын хугацаанд харууллаа. Түүний хүчинд өнөөдрийг хүртэл Монгол Улс дотооддоо КОВИД-19 халдварыг алдаагүй байна. Та бүхэн Монголын нэрийг дэлхийд гаргаж, Монголын нэрийн хуудас болж буй хамтлаг. Одоо бид КОВИД-19 халдварыг давж гарахын төлөө хичээн зүтгэж байна. Тэр цагт дэлхийд дахин Монголын нэр цуурайтах биз ээ. Энэхүү цар тахалтай тэмцэхэд та бүхний, ард иргэдийн өргөсөн хандив үнэтэй хувь нэмэр болж байна. Та бүхэнд урлагийн өндөр амжилт хүсье” хэмээн чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
“The Hu” хамтлаг нь хөөмэй, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийн дуугаралтыг орчин цагийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган "Хүннү рок" урсгалыг дэлхийн тавцанд танилцуулаад байгаа бөгөөд дэлхийг тойрон аялах тоглолтоо цар тахлын улмаас түр зогсоогоод байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.