Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.
Зургадугаар сарын 10-аас эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа “Завьт эргүүлийнхэн” дөрвөн иргэний амь насыг гол усанд осолдохоос урьдчилан сэргийлж авран хамгаалжээ.
Улсын хэмжээнд он гарсаар 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар усны ослоор 39 хүн амь насаа алдсан байна. Үүний 30 нь том хүн, 9 нь хүүхэд байгаа юм.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр голын эх болон дунд хэсгээр үерийн түвшин 5-20 см даван үерлэж байна. Иймд:
– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.