БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт аюулгүй байдлын шинэ хууль баталж, хуулийн хүрээнд 10 хүнийг баривчлан саатуулсан. Тэгвэл тус хуулийн дагуу Хонконгийн анхны иргэнд ял оноож шийтгэхээр боллоо. Хонконгийн нийтийн номын сан, сургуулиудаас ардчиллыг дэмжигчдийн бичсэн ном товхимлыг хурааж авсан тухай бид өчигдөр мэдээлсэн билээ.
Хуулийн дагуу ял сонсохоор болсон иргэн бол 23 настай Тонг Инг Кит юм. Түүнийг терроризмын шинж чанартай үйлдэл болон салан тусгаарлах оролдлого гаргасан хэмээн буруутгалаа. Үнэн хэрэгтээ тэрээр өнгөрсөн долоо хоногт гудамжинд байсан хэсэг бүлэг цагдаа нар луу мотоциклоо чиглүүлэн дайран гарчээ.
Төв Засгийн газар салан тусгаарлах, хорлон сүйтгэх, террорист үйлдэл болоод Хонконгийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдлыг хүнд ялд тооцно хэмээн мэдэгдсэн байна. Үүний хүрээнд уриа, суртал ухуулга чангаар дуудах, эсэргүүцлийн самбар барих, хотын тусгаар тогтнолыг шаардсан туг далбаа намируулах зэргийг хууль бус хэмээн буруутгаж бүх насаар нь хорих хүртэл ял оноохоор болсон юм.
Тонг Инг Китийн үйлдлийн улмаас гурван хүн бэртсэн ба “Хонконгийг чөлөөл” гэсэн уриа зүүсэн байсан тул яллах хангалттай нөхцөл бүрдсэн гэж үзжээ. Түүнийг батлан даалтад суллахаас татгалзсан байна.
Хонконгийн залуу ардчилагчдын төлөөлөл Натан Лоу аюулгүй байдлын хууль батлагдсан даруйд дахин баривчлагдахаас сэргийлж хилийн чанадад дүрвэсэн бол түүний ойрын хамтрагч Жошуа Вонг олон улсын холбоо нийгэмлэгүүдэд хандан Хонконгийн төлөө дуу хоолойгоо хүргэж, хамт байхыг уриалжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.