Ковид-19 коронавирус өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотод илэрсэн ч үүнээс хойш дөрвөн сарын дараа буюу дөрөвдүгээр сарын сүүлчээс Латин Америкт тархаж эхэлсэн юм.
Бразил улсын Ерөнхийлөгч Жайр Болзонаро мянга мянган иргэн ар араасаа нас барсаар байсан ч үл тоож байв. Харин Амазон мужийн нийслэл хамгийн том хот Манаусын дарга Артур Виргилио энэ бүхэн сайнаар төгсөхгүй гэдгийг гадарлаж байлаа.
Халдварын анхны тохиолдол илэрснээс хойш хоёр сарын дараа Виргилиогийн хар дарсан зүүд биеллээ олжээ. Улс орон даяар нас барсан иргэдийн тоо өдгөө 60,000 давж, АНУ-ын дараа хоёрдугаарт оров. Энэ сарын сүүл гэхэд Бразилд Америкаас илүү буюу 130,000-аас ч олон иргэн нас барна хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна.
Латин Америк нь дэлхийн нийт хүн амын найман хувийг эзэлдэг боловч Ковид-19-өөр нас барсан иргэдийн тэн хагас орчим нь энд бүртгэгдэхэд тун ойрхон байна. Бразилиас гадна Мексик улсад 30,000, Перу улсад 10,000 гаруй иргэн тус халдварын улмаас нас бараад байгаа бол Чили, Аргентин, Боливи улсуудад өвчний тархалт болон эндэгдэл нэмэгдсээр байгаа юм.
Үүнээс гадна тус тивд орших Венесуэль улсад халдварын 6,000 гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдэж 60 орчим хүн нас барсан гэх мэдээллийг Николас Мадурогийн Засгийн газар өгсөн ч бодит тоо баримт үүнээс хэд дахин их гэдэгт мэргэжилтнүүд сэтгэл зовнисоор байна.
Тус тивд нөхцөл байдал тэгтлээ дордоогүй хоёр улс байгаа нь Уругвай, Парагвай юм. Уругвай улсад 28 иргэн коронавирусээр нас барж, эрх баригчид тархалтыг тогтоон барьсан гэж үзжээ. Энэ улсыг Европын Холбоо коронавирусийн халдварын аюулгүй 14 орны жагсаалтад багтаасан юм. Харин Парагвай улсад эндэгдэл ердөө 20 дотор байгаа хэмээн мэдээлэв.
Хамгийн ээдрээтэй нь Бразил улсад коронавирусийн халдварын тохиолдол 1,6 сая давчихаад байхад Ерөнхийлөгч Болзонаро бүрэн эрхийнхээ хүрээнд нийтээс зай барих дэглэмийг баримталж ажилдаа эргэн орж, эдийн засгаа сэргээхийг шамдуулсаар байна.
Гай зовлон үүгээр дуусахгүй нь харамсалтай. Учир нь Олон улсын валютын сангийн тусламж энэ жил 9,4 хувиар буурахтай зэрэгцэн олон арван сая иргэн ядууралд нэрвэгдэж, нийгэм элгээрээ мөлхөх дээрээ тулжээ.
2003-2013 оны хооронд эдийн засгийн өсөлт хөгжилттэй жилүүд байсан тул Латин Америкт амьдардаг 72 сая иргэн ядуурлаас аврагдсан байна. Харин гэнэтийн газар хөдлөлт, байгалийн гамшигт үзэгдэл цунами мэт дайран ирсэн коронавирусийн улмаас Мексик, Колумб, Перу, Гватемал даяар 52 сая иргэн ядуусын эгнээнд шилжих эрсдэлийг эдийн засагчид тооцоолжээ.
Үүнээс аврагдахын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийг сайн сонсохоос өөр арга үлдээгүй хэмээн Манаус хотын дарга Виргилио эцэст нь хэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.