Австрали улсад коронавирусийн халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан хүн ам шигүү оршин суудаг Викториа болон Шинэ өмнөд Уэльс мужуудын хилийг хаахаар болжээ. Викториа мужийн нийслэл Мелбурн хотод өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Ковид-19-ийн хэдэн зуун тохиолдол илэрсэн нь Австрали улсын нутаг дэвсгэрт бүртгэгдэж буй халдварын шинэ тохиолдлуудын 95 хувийг эзэлж байна.
Хэдийгээр зарим муж халдвараас сэргийлж хилээ хаасан ч дээрх мужууд хилээ нээлттэй хэвээр үлдээгээд байсан юм. Викториа мужийн захирагч Даниель Эндрюсийн хэлснээр лхагва гарагаас эхлэн хилээ хаахаар төлөвлөж байна. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон, Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч Глэдис Бережиклиан нар өмнө нь хилээ хаах шаардлагагүй гэж үзэж байсан ч энэ удаа Викториа мужийн захирагчтай санал нийлж хилээ хаах болов.
Мужууд хилээ хаахдаа ажилдаа очих зэргээр зайлшгүй хил нэвтрэх шаардлагатай иргэдэд тусгай зөвшөөрөл олгохоор тогтсон байна. Даваа гарагийн байдлаар Викториа мужид коронавирусийн халдварын 127 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойш хамгийн өндөр тоо юм.
Австрали улсын нутаг дэвсгэрт халдварын 9,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 100 гаруй хүн нас баржээ.
Харин дэлхий дахинд Ковид-19-өөр 11,5 сая хүн өвчилж, 536,000 өвтөн нас барснаас АНУ 2,9 сая халдварын тохиолдлоор тэргүүлж, Бразил улс 1,6 сая тохиолдлоор хоёрдугаарт бичигдэж байгаа бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Энэтхэг улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 697,000 давснаар гуравдугаарт орж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.