Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ. ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 11 сая 537 мянган хүн өвчилж, 536 мянган хүн нас баржээ. Улмаар 6.5 сая хүн эдгэрч, 4.4 сая хүн эмчлүүлж байгаа юм. Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд 165 мянган хүн шинээр өвчилж, 3000 гаруй хүн нас барсан. АНУ-д 52.000, Бразилд 26.000, Энэтхэгт 23.000 шинэ тохиолдол нэмэгдээд байна.
Манай улсад сүүлийн 24 цагт 135 хүн шинээр ажиглалтад орж, 89 хүн гарч гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоогийн байдлаар 2763 хүн тусгаарлан ажиглах байранд байгаагаас 1-5 насны хүүхэд 169, жирэмсэн эмэгтэй 105, архаг хууч өвчтэй 356 иргэнд 45 их эмч, 81 дагалдан эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 89 хүн байгаа бөгөөд гурван иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа.
Ховд аймагт тарваган тахал туссан хоёр иргэний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг, хоёрдугаар хавьталууд бүрэн хяналтад орсон тул хөл хориог цуцалсан.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
ХӨСҮТ-өөс 2020 оны 07-р сарын 05-нд нийт 334 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц сөрөг гарч, коронавирус илрээгүй. Токио-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээнд вирус илрээгүй. Мөн гурван иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. 22 настай эр 48 хоног, 36 настай эр 37 хоног, 51 настай эмэгтэй 23 хоног тус тус эмчлэгдэн эмнэлгээс гарлаа.
Монгол Улсад 220 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс эдгэрсэн 188, эмчлэгдэж буй 32 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 30, хүндэвтэр хоёр иргэн байна. Тусгаарлах байранд байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирснаар амаржиж охинтой боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.