БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт аюулгүй байдлын шинэ хууль баталж хэрэгжүүлж эхэлсэн талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн билээ. Тэгвэл энэ долоо хоногийн эхэнд уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хонконг дахь нийтийн номын сангуудаас ардчиллыг дэмжсэн, сурталчилсан болон ардчиллыг дэмжигчдийн бичиж, хэвлэсэн номуудыг хурааж авсан байна.
Хэрэв Бээжин дэх эрх баригчид иргэдийн гаргасан үйлдлийг салан тусгаарлах, хорлон сүйтгэх болон терроризмын шинж чанартай гэж үзвэл бүх насаараа хоригдох ял сонсох юм. Хуулийг эсэргүүцэгчид тусгай эрхт хагас автономит бүс нутгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл хэмээн зэмлэн буруушааж байгаа ч Бээжин үл хэрэгсэж байна.
Хонконгийг 1997 онд Британиас чөлөөлж Хятадад шилжүүлэхэд багадаа 50 жилийн хугацаанд нэг улс хоёр системийн тогтолцоогоор хагас автономит эрхийг хамгаалах ёстой ажээ. Өнгөрсөн мягмар гарагт Бээжингийн аюулгүй байдлын шинэ хууль батлагдсаны дараа ардчиллыг дэмжигч тэмцэгчид албан тушаалаасаа халагдаж, тэдгээрийн нэг Хонконгийн хамгийн залуу улс төрийн зүтгэлтэн, орон нутгийн захиргааны ажилтан байсан Натан Лоу төрөлх хотоо орхин дүрвэсэн билээ.
Саут Чайна Морнинг Пост сонинд нийтэлснээр шинэ хуулийн хүрээнд Хонконгийн залуу тэмцэгч Жошуа Вонг, Танья Чан зэрэг дэмжигчдийн зохиосон болон гар бие оролцсон арав орчим номыг ашиглахыг хоригложээ. 50 жилийн турш хамгаалагдсан хонконгчуудын эрх чөлөөнд халдсан үйлдлийг Их Британи, АНУ тэргүүтэй өрнийн орнууд хүчтэй эсэргүүцэж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.