Нэрт реппер Кане Уэст АНУ-ын Ерөнхийлөгчийн суудлын төлөө нэр дэвшин өрсөлдөхөөр шийдсэнээ урьд өмнө хэд хэдэн удаа мэдэгдээд байсан юм. Тэгвэл энэ удаад тэрбээр ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн төрийн тэргүүн Дональд Трампын эсрэг өрсөлдөхөө дахин бататгажээ.
Кане өөрийн Твиттер хуудсандаа “бид бурхны өгсөн итгэлийг даах ёстой. Алсын хараагаа хамтдаа тодорхойлж, ирээдүйгээ бүтээх ёстой. Би Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөнө” хэмээн жиргэсэн байна. Түүний эхнэр Ким Кардашиан Уэст, SpaceX-ын Элон Маск нар жиргээг нь дэмжиж дагагч нартайгаа хуваалцжээ. Уг жиргээг долдугаар сарын 4-ний өдөр буюу Тусгаар тогтнолын баярын өдөрт зориулж 43 настай реппер цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Гэвч реппер Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж эсэх нь үнэн хэрэгтээ эргэлзээтэй юм. Учир нь тэр энэ оны сүүлээр болох сонгуульд оролцохын тулд Холбооны сонгуулийн хороонд нэрээ бүртгүүлж харагдаагүй ажээ. Тус хороонд реппер “Кане Дийз Натз Уэст” нэрээр Ногоон намд бүртгүүлэн бичиг баримтаа 2015 онд илгээсэн ч хараахан санхүүжилт ороогүй байна.
2015 оны MTV Video Music Awards дээр тэрбээр Ерөнхийлөгч болохын төлөө нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ анх удаа мэдэгдэж байсан юм. Үүний дараа буюу өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сард сонгуульд өрсөлдөх төлөвлөгөөгөө хойшлуулж 2024 онд нэр дэвшинэ гэсэн юм. Фаст компанийн инновацийн арга хэмжээн дээр түүнийг ингэж хэлэхэд үзэгчид инээлдэхэд Кане “та нар яагаад инээгээд байгаа юм бэ? Би маш их ажлын байр бий болгож байгаа. Би гүйхгүй, би алхах болно” гэжээ. Харин энэ удаад Кристиан Жениус тэрбумтан Кане Уэст хэмээн нэрээ солих талаар бодож байгаа тухайгаа нэмж хэлсэн юм.
Зарим эх сурвалжууд Кане нэр дэвшинэ хэмээн олон удаа ярьж байгаа ч үүний төлөө нэг ч алхам хийгээгүй хэмээн шүүмжлэн бичиж байна. Мөн яг энэ тохиолдолд буюу сонгууль болоход ердөө дөрөвхөн сарын хугацаа үлдсэн байхад аль ч улс төрийн нам хүчин шинээр нэр дэвшигчээ өрсөлдүүлэх боломжгүй хэмээн ВВС мэдээлжээ.
Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп, Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден нарын хооронд өрнөх нь тодорхой болоод байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хулхины шоучин гар