ХӨСҮТ-ийн лабораториуд 55 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн тусгаарлалт руу шилжлээ. 20 настай залуу 49 хоногийн эмчилгээний дараа, 32 настай ачаа тээврийн жолооч 20 орчим хоног эмчлэгдээд эдгэрч эмнэлгээс ийнхүү гарлаа.
Өнөөдрийн байдлаар Монгол улсад коронавирусийн халдварын 220 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн хэвээр байгаа юм. Токио хотоос ирсэн 263 хүний шинжилгээ сорьцыг цуглуулах ажил өнөөдөр эхэлж маргааш хариуг танилцуулна. Эдгээр иргэдийн ачаа тээшийг бүрэн ариутгаж дууслаа. Түүнчлэн өчигдөр 233 хүн ажиглалтаас гарч, 316 хүн нэмж ажиглалтад орлоо.
ДЭМБ-ын мэдээлснээр коронавирус хувьсалд орж агааргүй, харанхуй, битүү орчинд илүү хурдацтай тархах шинж ажиглагдаад байна. ДЭМБ гидроксихлорохиныг албан ёсоор туршилтаас хасахаар болсон байна. Учир нь уг эм нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй коронавирусийн халдвартын өвчтөнүүдийн нас баралтыг бууруулахад нөлөө үзүүлэхгүй байна гэж үзжээ.
Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 212,000 орчим халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж 11 сая давлаа. Харин АНУ-д 50,000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэв. Нэгдсэн улсын 37 мужид халдвар нэмэгдэж, Флоридад хамгийн их буюу 11,000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэв.
Бразил улсад 1,5 сая хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа. Халдвар авсан хүмүүсийн 800,000 гаруй нь эдгэжээ. Тус улсад дэлгүүр, сүм хийд зэрэг агаарын солилцол муу битүү орчинд амны хаалт заавал зүүх ёстой гэсэн шаардлагыг иргэдэд тавиад байсан юм. Сан Пауло, Рио де Жанейро хотуудад халдварын тархалтын эрч буурахгүй байна.
Японы нийслэл Токио хотод сүүлийн гурав хоног дараалан 100-аас дээш халдварын тархалт илэрлээ. Энэ нь тус улсад халдварын тохиолдол эргэн нэмэгдэж буйг харуулж байна. Үүнтэй холбогдуулан Японы технологийн салбарын мэргэжилтнүүд Ковид-19-ийг устгах хэт ягаан туяаны роботыг зохион бүтээж, ирэх сард худалдаалахаар болжээ. Уг робот нь эмнэлэг болоод олон нийтийн газруудад хэт ягаан туяагаар коронавирусийг устгах ариутгал хийнэ.
Энэ хооронд БНСУ-д Ковид-19-ийн халдварын 61 шинэ тохиолдол бүртгэгдсэний 70 орчим хувь нь дотоодын халдвар байна. БНХАУ-д бямба гарагт коронавирусийн найман шинэ тохиолдол илэрсний зургаа нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ба үлдсэн хоёр нь нийслэл Бээжин хотод бүртгэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.