Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр Монгол Улсад мөрдөгдөх "Ногоон таксономи" батлагдсантай холбогдуулан Ногоон зээлийн статистик мэдээллийг банкуудаас авч нэгтгэн, урьдчилсан байдлаар олон нийтэд зарлаж байхаар боллоо.
2020 оны 1 дүгээр улирлын байдлаар арилжааны банкуудаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 16,988.9 тэрбум төгрөг байгаагийн 428.1 тэрбум төгрөг буюу 2.5 хувийг ногоон зээл бүрдүүлж байна. Ногоон зээлийн үлдэгдэл тайлант улиралд өмнөх улирлаас 5.2 хувиар буурчээ.
Хувийн байгууллагуудын ногоон зээлийн үлдэгдлийн 35.1 хувь буюу 130.5 тэрбум төгрөгийг тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой болон эко аялал жуулчлал, 29.6 хувь буюу 110.2 тэрбум төгрөгийг ногоон барилга, 14.4 хувь буюу 53.5 тэрбум төгрөгийг тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, 11.0 хувь буюу 40.8 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлт, 5.4 хувь буюу 20.0 тэрбум төгрөгийг сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүд эзэлж байна.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар 2013 иргэний 55.9 тэрбум төгрөгийн ногоон зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнийг зээлийн зориулалтаар нь ангилбал нийт зээлийн 56.0 хувь буюу 31.4 тэрбум төгрөгийг тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, 27.3 хувь буюу 15.3 тэрбум төгрөгийг карбон бага тээвэр, 8.8 хувь буюу 4.9 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд олгогджээ.
Ногоон зээлийн статистик мэдээллийг эндээс авна уу. Цаашид нэгдсэн мэдээллийг улирал бүр олон нийтэд зарлаж байхаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.