Монгол орны түймрийн эрсдэлтэй бүс нутгийг дөрвөн зэрэгт хуваан авч үздэг бөгөөд нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газар нь түймрийн эрсдэлийн зэргээр 2-р бүс буюу “Аюулын зэрэг өндөр” гэсэн ангилалд багтдаг. 1960-1999 оны хооронд нийслэлийн ногоон бүсэд ойн түймрээс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, 40 метрийн өргөнтэй, 2 км хүртэлх урттай, нийт 10 зурвасыг байгуулж байсан бол сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд түймрийн халз зурвас сэргээх ажил хийгдээгүй ажээ.
НБОГ-ийн Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин “Нийслэлийн ногоон бүсэд 10 байршил бүхий газар түймрийн зурвас байгуулагдсан байдаг. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага баянгаас Халзангийн ам руу чиглэсэн зурвас, мөн хорооны Шарга морьтын эхнээс зүүн хойш чиглэсэн нийт 2 км урттай 2 байршилд түймрийн халз зурвас шинэчлэн сэргээхээр сонгоод байна. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр тухайн орчинд гарсан түймрийг тухайн орчинд нь унтраах зориулалтай. Энэ жилийн хувьд түймрийн халз зурвас шинэчлэн сэргээх ажлыг холбогдох хуулийн дагуу нээлттэй зарлаж, тус ажлын гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яамны харьяа ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй Зэвсэгт хүчний 310 дугаар анги шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн энэ жил түймрийн хуурайшилтай үеүүд ихээхэн байлаа. Болгоомжгүй байдлаас үүдэн айл өрхүүдийн зуслангийн байшин ихээр шатсан учир тодорхой хэмжээгээр байгальд хохирол учруулсан байдаг. Тийм учир түймрээс хамгаалах зурвасуудыг эхлээд зуслангийн газруудаас сэргээе гэсэн байр сууринаас ажлаа эхлүүлэн эхний ажил 70 хувьтай явж байна” гэв.
Түймрийн халз зурвас байгуулах, шинэчлэн сэргээх ажлыг хэрэгжүүлснээр ой, хээрийн түймэр гарах, тархах аюулыг багасгах, түймрийн эрчмийг сааруулах, түймрийн тархалтын хурдыг бууруулах, түймэр зогсоох төдийгүй ногоон бүсэд амьдарч буй иргэд, айл өрхийн эд хөрөнгө, амь нас эрсдэлд орох аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.