Миссури мужийн Сэнт Луйс хотын таван настай оршин суугч Күпер Уолвебер зэвсэгт халдлагад өртөж шархадсан 20 настай гал сөнөөгч бүсгүйд зориулж хандив цуглуулжээ. Бяцхан хүү толгойдоо буудуулсан Арлидиа Буффордод эмнэлгийн зардлаа төлөхөд туслахын тулд гэрийнхээ ойролцоох дунд сургуулийн урд ширээ засч нимбэгтэй ундаа зарж эхэлжээ.
Күперт том эгч нь тусалж өөрийнхөө Facebook хуудсанд энэ талаар бичихэд удалгүй үйлчлүүлэгчид тасрахаа больж 3,000 ам.доллар цугларсан байна.
Залуу гал сөнөөгч Буффорд нь Кинлоч гал сөнөөх ангид элсээд зургаан сар болсон ба гурван удаа шуурхай дуудлагад гарчээ. Түүнийг мэргэжлийн сургалтаа тараад найзуудтайгаа кафед оройн хоолоо идэж байхад нь зэвсэгтэй этгээд халдсан байна. Кафед хооллож байсан этгээд гарч яван буу аваад эргэж орж ирэхдээ үйлчлүүлэгчид рүү бууджээ. Өнгөрсөн сарын 22-ны өдөр болсон уг халдлагын улмаас нэг эмэгтэй алагдаж, Буффордоос гадна бас нэг эмэгтэй хүнд шархадсан байна.
Гал сөнөөгч эрүүл мэндийн даатгалгүй байсан тул эмнэлгийн зардал хэт өндөр гарч холбоо нийгэмлэгүүд туслахаар гараа сунгасны дунд Күпер Уолвебер ч мөн өөрийн чадах зүйлээ хийж өгөхийг хүсчээ.
Хүүгийн сайхан сэтгэлийг үнэлж Кинлоч гал сөнөөх ангийн хүндэт гал сөнөөгчөөр өргөмжилсөн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.