АНУ-ын Мичиган мужийн Ийст Лензинг хотын шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн 152 үйлчлүүлэгчээс коронавирусийн халдвар илэрчээ. Харперын зоогийн газар болон шар айрагны паб нэртэй газраар үйлчлүүлсэн иргэдээс эхлээд 124 тохиолдол илэрсэн ба тэдний ойрын хавьтагч 28 хүнд халдвар илэрсэн байна.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд тус газраар зургадугаар сарын 12-ноос 20-ны дотор үйлчлүүлсэн иргэдийг нэн даруй шинжилгээнд хамрагдахыг хүсчээ. Пүрэв гарагийн байдлаар Мичиган мужид коронавирусийн халдварын 71,678 тохиолдол бүртгэгдэж, 6,212 иргэн нас баржээ.
Энэ хооронд дэлхий даяар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 11 саяд хүрлээ. АНУ-д 2,8 сая, Бразил улсад 1,5 сая тохиолдол бүртгэгдээд байна.
АНУ халдвараар дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа ч эдийн засгаа эргэн сэргээж хорио цээрийн дэглэмүүдийг үе шаттайгаар нээсэн. Зарим мужууд хорио цээрээ бүрэн цуцлахаа түр азнаад байгаа бөгөөд нийт 37 мужид халдварын тархалт нэмэгдээд байна.
Энэ долоо хоногт Америк даяар халдварын тохиолдол дөрөв дэх хоногтоо хамгийн дээд түвшинд хүрч нэмэгдлээ. Тухайлбал долдугаар сарын 1-ний өдөр 24 цагийн хугацаанд 51,200 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал сүүлийн дөрөв хоног дарааллан коронавирусийн халдварын шинэ тохиолдол 50,000 даваад байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп улс оронд нь халдвар улам бүр нэмэгдсээр байгаа ч эдийн засгаа аврах талаар байр сууриа илэрхийлжээ. Түүний хэлснээр эдийн засаг амжилттайгаар эргэн сэргэж, өнгөрөгч зургадугаар сард ажилгүйдэл эрс буурч 4,8 сая иргэн ажлын байртай болсон байна.
Эх сурвалж: The Guardian, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.