Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар тархалтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ.
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 10 сая 978 мянган хүн өвчилж, 322 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 183 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 3000-р нэмэгдсэн үзүүлэлтэй байна. Мөн АНУ-д 54.000, Бразилд 48.000, Энэтхэгт 21.000 шинэ тохиолдол нэмэгдээд байна.
Хөрш ОХУ-д өвчлөл 6000 шинэ тохиолдлоор нэмэгдэж, 147 хүн нас баржээ. Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува мужуудад өвчлөл өмнөх өдрийнхөөс 34-112 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Манай улсад сүүлийн 24 цагт 541 хүн шинээр ажиглалтад орж, 274 хүн гарч гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоогийн байдлаар 2712 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Эдгээр иргэдэд 43 их эмч, 55 дагалдан эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Тусгай үүргийн онгоцоор өчигдөр БНСУ-аас 420 иргэн, АНУ-аас 25 иргэн мөн Замын-Үүд боомтоор 96 иргэн тус тус ирснээс ХӨСҮТ-д ес, Цэргийн төв эмнэлэгт 22 хүнийг тусгаарлаж бусад иргэдийг ажиглах байруудад хуваариллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
ХӨСҮТ-өөс 2020 оны долдугаар сарын 02-нд нийтдээ 194 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц сөрөг гарч, коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-өөс хоёр иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. ОХУ-ын нэг иргэн 16 хоног, нэг оюутан 36 хоног эмчлэгдэн гарлаа. Монгол Улсад 220 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс эдгэрсэн 179, эмчлэгдэж буй 41 иргэн байна. Биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 35, хүндэвтэр зургаан иргэн байна.
Батлагдсан тохиолдлууд дээр ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд коронавирусийн тандалт, шинжилгээг байнга хийж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.