Мьянмар улсын Качин мужид үйл ажиллагаа явуулдаг хаш чулууны уурхайд хөрс гулсаж одоогийн байдлаар 162 уурхайчин нас барсан бөгөөд үлдсэн хүмүүс уурхайд гацсан талаар мэдээлжээ.
Ширүүн бороо асгарснаас хөрс гулссан байна. Орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө хаш чулуугаар баялаг Хпакантад байдаг уурхайд хөрс гулсаж, орой 19 цагийн орчимд аврагчид 162 уурхайчны цогцосыг олж, 54 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Цаг уурын таагүй нөхцөл байдлын улмаас аврах ажиллагаа саатсан тул хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулсан байна.
Эх сурвалжууд хөрс гулсах үед шавар шалбааг давалгаалан уурхайг нөмрөн авсныг мэдээлжээ. Эрх баригчид болоод аврах ажиллагаанд оролцож буй армийн удирдагчид хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд байна.
Тус улсад үйл ажиллагаа явуулдаг үнэт чулуу олборлодог уурхайнууд байгалийн гамшиг, осол аваарт өртөх нь элбэг. Учир нь ийм төрлийн уурхайнууд ихэвчлэн хэт алслагдсан, гүн ширэнгэн ойн дунд байдаг учир яаралтай тусламж хүргэхэд хүндрэлтэй байдаг ажээ. Мөн уурхайчид аюултай, зохих ёсны шаардлага хангаагүй орчинд ажилладаг байна. Өнгөрсөн жил Хпакантад мөн хөрс гулссаны улмаас 50 гаруй уурхайчин хөрсөнд дарагдан амиа алдсан юм.
Мьянмар дэлхийн хаш чулууны эрэлтийн 70 хувийг ханган нийлүүлдэг ба Хпакант бол дэлхий дээрх хашийн хамгийн том олборлолт явагддаг газар юм. Уг чулууг экспортолж улсын ДНБ-ий тэн хагас буюу 31 тэрбум ам.долларыг бүрдүүлдэг гэсэн 2014 оны судалгааны бий.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.