Хэнтий аймгийн Дадал сумын харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар гэрээсээ мотоциклоор өнгөрсөн сарын 23-нд гараад сураггүй болсон тул тэднийг эрэн хайх ажиллагааг 10 дахь хоногтоо үргэлжлүүлж байна.
Эрэн хайх ажиллагааны үр дүнд өнгөрсөн сарын 29-ний өдөр 5 настай С-ийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн өгчээ. Энэ сарын 2-ны өдрийн байдлаар малчин Б-ыг эрэн хайх ажиллагааг “Зуны гарам" гэдэг газраас баруун урд зүгт “Доод гарам" гэдэг газар хүртэл 40 км-т “Хярхан” голоор зохион байгуулж, 3 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоон өнөөдөр 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Түүнчлэн Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн “Цагааннуур” гэдэг газар тус сумын харьяат малчин У /25 настай, эмэгтэй/ энэ сарын 30-ы өдөр гэрээсээ гараад сураггүй болжээ. Сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр өгч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн “Цагааннуур” гэдэг газраас “Харуулын-Өвөр” гэдэг газар хүртэл 5 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон дахин үргэлжлүүлэхээр болжээ.
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Халхын гол” гэдэг газар тус сумын харьяат Т /3 настай, эрэгтэй/ энэ сарын2-ны өдрийн 14:00 цагийн орчим “Халхын гол”-ын эрэг дээр сууж байгаад сураггүй болжээ.
Эрэн хайх ажиллагааг “Халхын гол” гэдэг газраас хойд зүгт 8 км-ын тойрогт голын эрэг дагуу явганаар болон завьтай самналт хийж, тогтоол ус болон голын эрэг дагуу агаараас нисдэг төхөөрөмж ашиглан зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр дахин эхлүүлсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.