УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЭХАШШ-д үргэлжилж байна. Уг шүүх хуралтай зэрэгцээд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох шүүх хурал 14:40 цагийн үед эхэлсэн.
Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны амь нас хохирсон хэрэгт гэрчийн худал мэдүүлэг өгсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Шүүхээс Н.Номтойбаярыг гэм буруутай хэмээн үзсэн тохиолдолд “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” хуулийн заалттай.
Шүүх хурал болж байх үед Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дараах мэдээллийг өглөө. Тус мэдээлэлд,
"Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлсэн.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан.
Шүүгдэгч Н.Номтойбаярын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдаан өмнө 3 удаа хойшилсон боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар дахин шинээр өмгөөлөгч авч, уг өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж шүүх үзэж, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан үргэлжилж байна" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.