Өнөөдөр эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт англи хэлний шалгалтаар үргэлжилж байна. Энэ талаар бид Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-ийн Захиргааны хэлтсийн дарга Ш.Шижир-Эрдэнээс тодрууллаа.
ЭЕШ-ыг энэ жил 85 шалгалтын байр дээр зохион байгуулж байгаагийн 43 нь нийслэл Улаанбаатар хотод, 42 нь орон нутагт байрлаж байна.
Шалгалтыг зохион байгуулахдаа УОК-оос өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн ажиллаж байна. Тухайлбал, шалгуулагчдыг нэг дор бөөгнөрүүлэхгүйн тулд шалгалтын байранд ирэх хугацааг цаг минутаар нь нарийвчлан зааж өгсөн" гэж хэлтсийн дарга Ш.Шижир-Эрдэнэ мэдээллээ.
Мөн, шалгуулагчид шалгалтын байр руу авч орохыг хориглосон эд зүйлс, ялангуяа гар утас авчирч байгааг анхааруулав. Энэ тохиолдолд шалгалтын байрны гадна талд бүртгэлжүүлж, үлдээж байгаа аж.
COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа үргэлжилж байгаа тул холбогдох байгууллагуудаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу шалгуулагч хоорондын зайг 1.5-2 метр байлгаснаар 12 шалгуулагч нэг ангид суун шалгалтаа өгч байна.
Шалгалтын материал засалтыг цахимаар үзэх боломжтой. Тухайн хичээлийн шалгалт дууссанаар материал засалтыг цахимаар дамжуулж байгаа юм. Шалгуулагчид Live.eec.mn хаягаар орж, өөрийн шалгалт өгсөн байранд материал засалт хэрхэн үргэлжилж буйг хянах боломжтой.
Түүнчлэн өнөөдөр БҮТ-өөс мэдээлэл хийхдээ шалгуулагчид бичиг баримтаа дутуу бүрдүүлэх, хуваарьт цагаасаа хоцрох гэх зэрэг нийтлэг зөрчил гаргаж байгаа тул замын ачааллаа тооцоолж, цагтаа ирэхийг анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.