Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн талаар даваа гаригт Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ. Уг сэжигтэй хоёр тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдсан юм.
Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай эрэгтэй, “Тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушгины хэлбэр” оноштой хүнд байдалтай эмчлүүлж байгаа юм. Тухайн өвчтөний дүү 16 настай, эрэгтэй Цэцэг сумын эрүүл мэндийн төвд “тарваган тахлын булчирхайн хэлбэр” оноштойгоор мөн адил хүнд байдалтай эмчлүүлж байгаа аж.
ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах:
-Өвчтөнүүд 6-р сарын 23-ны өдөр тарвага агнаж идсэн. Одоогоор нэгдүгээр хавьтал 147 хүн, хоёрдугаар хавьтал 504 хүнийг тандалт судалгааны үр дүнд илрүүлэн, нэгдүгээр хавьтлуудыг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан. Нэгдүгээр хавьтлуудаас хамгийн ойрын хавьтал болох эмнэлгийн тусламж үзүүлсэн, оношилсон, дуудлагад очсон гэх мэт 46 иргэнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан.
Өвчтөний цэр, шээс, булчирхай, шүлснээс авсан шинжилгээгээр тарваган тахлын булчирхай, уушгины хэлбэрээр өвчилсөн нь бүрэн тогтоогдсон. ЗӨСҮТ-өөс баг очин ажиллаж байна.
Өнөөдөр Ховд аймагт 917 хүүхэд ЭЕШ өгч байгаа бөгөөд 22 хүүхэд Цэцэг сумаас ирж шалгалт өгч байна. Тэдгээр хүүхдүүдийг халдвар хамгааллын хатуу хяналтан доор шалгалтад хамруулж байгаа.
Тарваган тахлын халдвар ОУ-ын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг бөгөөд цаг хугацаа алдах, эсвэл эмчилгээний тактик буруу бол нас баралт 100 хувь хүртэл байдаг аюултай өвчин. Эмчилгээг харьцангуй эрт эхэлсэн, тактик зөв байгаатай холбоотойгоор өвчтөнүүдийн бие хүнд байгаа ч тогтворжих хандлагатай байна гэлээ.
Зургадугаар сарын 15-аас эхлэн тарваган тахлаас сэргийлэх вакциныг орон даяар хийж байгаа аж. Иргэдэд тарваган тахлын шинж тэмдэг илэрвэл эхний ээлжид эмнэлгийн байгууллагад утсаар мэдээлэл өгөх хэрэгтэй юм.
Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумын нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож, гарах, орох, зорчих хөдөлгөөнийг даваа гарагийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.