Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар тархалтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ.
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 10 сая 777 мянган хүн өвчилж, 517 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 180 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 21 мянгаар нэмэгдсэн үзүүлэлтэй байна.
Хөрш ОХУ-д өвчлөл 6556 шинэ тохиолдлоор нэмэгдэж, 216 хүн нас баржээ. Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува мужуудад өвчлөл өмнөх өдрийнхөөс 36-179 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Манай улсад сүүлийн 24 цагт 34 хүн шинээр ажиглалтад орж, 164 хүн гарч гэрийн тусгаарлалт руу шилжлээ.
Одоогийн байдлаар 2341 хүн тусгаарлан ажиглах байранд байгаагаас 1-5 насны хүүхэд 77, жирэмсэн эмэгтэй 29, архаг хууч өвчтэй 261 иргэнд 42 их эмч, 74 дагалдан эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
ХӨСҮТ-өөс 2020 оны долдугаар сарын 01-нд нийтдээ 302 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц сөрөг гарч, коронавирус илрээгүй. Мөн нэг иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. ОХУ-аас ирсэн 22 настай оюутан 48 хоног эмчлэгдэн гарлаа. Монгол Улсад 220 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс эдгэрсэн 177, эмчлэгдэж буй 43 иргэн байна. Биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 37, хүндэвтэр зургаан иргэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.