Хуульч, өмгөөлөгчдийн үүрэг, хариуцлага сонгуулиас сонгуулийн хооронд улам нэмэгдсээр байна. Холбогдох хууль нь дөрвөн жилийн мөчлөгөөр өөрчлөгдөж, шинэчлэгдэх бүрт улстөрийн сонгууль нь үнэн чанартаа “хуулийн сонгууль” болж, тэр бүрт хуульчид ачааны хүндийг үүрсээр.
Нэр дэвшигч, менежер, ухуулагчид бүгд хуульчдын амыг хардаг болж, тухайн нам, эвсэл, нэр дэвшигчдийн унах, босох нь хуульчдын гарт байдаг болсоор удлаа. Мэргэжлийн ур чадвар, эрэмгий зарим нь нэр дэвшигчээ ангалаас татан гаргаж, УИХ-ын гишүүн хэмээх эрхэм алдарт хүргэж байхад нөгөө зарим нь багаараа өөрийн хариуцсан нам, эвслээ ялуулж, олонх болгоход голлох ролийг үзүүлж байна.
Энэхүү нийтлэлд бидний дунд эгэлээр амьдарч, өөрт ногдсон үүргээ чимээгүйхэн биелүүлж байдаг мэргэжилдээ дуртай, чадварлаг хуульч, өмгөөлөгчдийн тухай өгүүлнэ. Гэхдээ үүнийг бичихийн тулд тэднээс зөвшөөрөл аваагүй билээ.
ӨМГӨӨЛӨГЧ Ө.ЭРДЭНЭ-ОЧИР
Тэрээр “Mon law” хуулийн фирмийн өмгөөлөгч. Түүнийг энэ удаагийн УИХ-ын сонгуулиар эдийн засагч Л.Наранбаатарын өмгөөлөгч гэдгээр нь сэтгүүлчид илүүтэй сайн таньж авсан.
Учир нь сонгуулийн үеэр цорын ганц маргаан Монгол улсын Дээд шүүх хүртэл явж, нэр дэвшигчийн хувьд ялалтаар төгссөн нь Л.Наранбаатарын хэрэг юм. Монгол улсын СЕХ намын хоёрдмол харьяалалтай хэмээх үндэслэлээр Л.Наранбаатарт нэр дэвшигчийн үнэмлэх олгоогүй ч Ө.Эрдэнэ-Очирын мятрашгүй “тэмцэл” эрхийг нь нээлгэж дөнгөснийг бүгд харсан.
Энэ нь монголын хуульчдын мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйн бахдам жишээ, жишиг болж өдгөө мэргэжил нэгтнүүд дунд ид яригдаж байна.
ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Д.ОДОНТУНГАЛАГ
Н.Номтойбаярын өмгөөлөгч гэдгээрээ хэвлэлийнхэнд эчнээ танигдсан.
Хэдийгээр Н.Номтойбаяр хорихоос сонгуулийн сурталчилгаа хийгээд байсан боловч үнэндээ Д.Одонтунгалаг түүний өмнөөс сонгуулийн кампанит ажлыг удирдаад байсан юм билээ.
Үйлчлүүлэгч нь цагдан хоригдсоны дараа нэр дэвшигчийн үнэмлэхийг нь авч чадсан гавьяа түүнд гарцаагүй ногдоно. Энэ бол маш хүнд даалгавар. Монголд хэзээ ч өмнө нь цагдан хоригдсон хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ авч, нэр дэвшиж байсангүй.
Тэрбээр өдөр бүр Н.Номтойбаяртай 461-р ангид уулзаж, сонгуулийг гардан зохион байгуулсан ба хуульчид дундаа энэ сонгуулиар “ямар нэг хий гаргаагүй” хэмээн үнэлэгдэж байгааг дуулгая.
АН-ЫН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Н.АРИУНБОЛД
Ардчилсан намын ачааны хүндийг үүрэх ээлж энэ удаад Н.Ариунболдод ногджээ. Ардчилсан нам сонгуультай холбоотой олон тооны зөрчил, дутагдал гарсан гэж мэдэгдэж байгаа. Тэр бүр Н.Ариунболдын шүүлтүүрээр орсон гэхээр ямархуу хэмжээний ачаалал авсан нь мэдрэгдэнэ.
Хэдийгээр нам нь энэ удаагийн сонгуульд ялагдсан боловч, чөмгөө дундартал хөдөлмөрлөж, нойртой, нойргүй явсан гавьяаг нь мэдэх хүмүүс нь мэднэ хэмээн мэргэжил нэгтнүүд нь батална лээ.
Н.Ариунболд сонгуулийн өмнө болон дундуур нүүрсний угаарт амь насаа алдсан иргэдийн төлөө хэдэнтээ дуугарсан боловч, намын хэвлэлийн албаны дэмжлэг дутсан уу, эсвэл өөр шалтгаан байсан уу хүмүүст тэр бүр хүрч чадалгүй байсаар сонгуулийг дуусгасан.
ХУУЛЬЧ Ү.АМАРБАТ
“Ананд Адвокатс” ХХН-ийн ахлах өмгөөлөгч.
МАН-ын шинэ залуу хуульчдын гол төлөөлөл болж, сонгуулийн сурталчилгааны хугацаанд зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын нүүр царай болсноороо сэтгүүлчдэд танигдсан.
МАН энэ сонгуулиар өөрсдийн нэр дэвшигчидтэй холбоотой 419 гомдол гаргаж ажилласны дотор Ү.Амарбатын оролцоо өндөр байсан гэж ярих юм билээ.
Тэрээр “Отгонтэнгэр” дээд сургуульд долоо дахь жилдээ багшилж байгаа нэгэн гэнэ. Онол, практик сайтай, ирээдүйд цахиур хагалах залуу хуульч, өмгөөлөгч гэж түүний талаар мэргэжил нэгтнүүд нь сайн үнэлгээ өгсөн.
СЕХ-НЫ ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ
СЕХ энэ удаагийн УИХ-ын сонгуулийн хугацаанд 1100 гаруй гомдол, санал хүлээн авч, шийдвэрлэх хариу өгөх ажлыг зохион байгуулсан хүн бол Д.Бат-Эрдэнэ юм. СЕХ сайн, муу ажилласан гэдэг үнэлгээ бол тусдаа асуудал. Харин энэ байгууллагыг хуулийн ямар нэгэн “асуудалгүй” авч гарсан гавьяаг Д.Бат-Эрдэнэ багаараа эдлэх учиртай.
Ялангуяа, сонгууль дууссаны дараагаас эхэлсэн, тодруулж хэлбэл зургадугаар 26-28-ны хооронд Т.Ганболд нартай тулж “байлдсан” хүн бол Д.Бат-Эрдэнэ. Сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулахад их хувь нэмэр оруулсан гэж хуульчид ам сайтай байх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ккк.
СЕХ-нд хуульч хамгийн муу ажилласан. Ажлаа өгөх ёстой. Ийм хуульч гэж байдаг юмуу
СЕХорооны залуу ажлаа мэддэг харьцаа сайтай хүн бнлээ.