ХНХЯ-ны хурлын танхимд Японы Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжих Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ төслийн талаар танилцууллаа. ХНХЯ, Японы ЖАЙКА байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл энэхүү арга хэмжээнд оролцлоо.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:
-Монгол улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр тодорхой хөтөлбөр, төслүүд хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл бөгөөд ирэх дөрвөн жилд шинээр эхлүүлэхээр Японы Олон улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА" байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Улсын хэмжээнд нийтдээ 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээрээс ердөө 30 гаруй мянга нь хөдөлмөр эрхэлдэг. Тиймээс Засгийн газраас бусад хөгжлийн бэршээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тохирсон ажлын байрыг бий болгох нь энэ гэрээний гол зорилго юм.
Мөн, зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төвүүдийг байгуулж байна. Энэ төв нь олон улсын стандартын дагуу тодорхой хэмжээний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн ажлууд хийх, өөрт тохирсон эмчилгээ тусламжийг авах боломжтой юм. ХНХЯ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүх талаар тусалж, дэмжин онцгой анхаарал хандуулан ажилласаар байх болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.