Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар тархалтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ.
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 10 сая 563 мянган хүн өвчилж, 513 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 159 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас барсан. АНУ-д 35.000, Бразилд 30.000, Энэтхэгт 18.000 шинэ тохиолдол нэмэгдээд байна.
АНУ-ын харшил, халдвар судлалын хүрээлэнгээс “Хүмүүс халдварын тархалтыг бууруулах заавар мөрдөхгүй байна. Тухайлбал, амны хаалт зүүх, гар угаах, зай барих, дэглэмийг мөрдөхгүй бол өвчлөл өдөрт 100 мянгаар нэмэгдэх эрсдэлтэй” гэжээ.
Манай улсад сүүлийн 24 цагт 16 хүн шинээр ажиглалтад орж, 31 хүн гарч гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоогийн байдлаар 2468 хүн тусгаарлан ажиглах байранд байгаагаас 1-5 насны хүүхэд 118, жирэмсэн эмэгтэй 53, архаг хууч өвчтэй 332 иргэнд 42 их эмч, 74 дагалдан эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-өөс 2020 оны 06-р сарын 30-нд нийт 406 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц сөрөг гарч, коронавирус илрээгүй. Энэтхэг-УБ болон Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээнд вирус илрээгүй. Мөн, нэг иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. ОХУ-аас ирсэн 21 настай оюутан 36 хоног эмчлэгдэн гарлаа.
Монгол Улсад 220 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс эдгэрсэн 176, эмчлэгдэж буй 44 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 33, хүндэвтэр 11 иргэн байна. ХӨСҮТ-д эмчлэгдэн дараагийн хяналт руу шилжээд байсан жирэмсэн эмэгтэйг буцааж авчирснаар өнөө өглөө 7:00 цагт амаржиж охинтой боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.