МХЕГ-аас өнөөдөр /2020-07-01/ мэдээлэл хийж, элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр хорио цээрийн дэглэмийг хэрхэн баримтлах, мөн хилээр оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх, зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд МХЕГ-аас олгогддог экспорт болон импортын гэрчилгээ, мэдэгдлийг өнөөдрөөс аймаг, орон нутаг боомтуудад, Хилийн мэргэжлийн хяналтын алба олгохоор болж байна. Өөрөөр хэлбэл, аж ахуй нэгжүүд аймаг орон нутгаасаа экспорт, импортын гэрчилгээ, мэдэгдлээ авна гэсэн үг юм.
Хүнсний ногооны үнэ өсөх учиргүй. Боомтууд хэвийн ажиллаж байгаа, хүнсний ногоо болон жимс, жимсгэнэ хэвийн орж байгаа гэж мэргэжлийн хяналтынхан мэдэгдлээ. Монгол Улсын хилээр орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд дээр Мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох байгууллагуудаас ямар нэг хязгаар тавиагүй, Онцгой комиссоос зөвхөн далайн гаралтай бүтээгдэхүүнийг долдугаар сарын 7-ныг хүртэл 14 хоногийн хугацаатай хязгаарласан гэв.
МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар:
-БНХАУ-ын хүнсний зах дээр коронавирусийн халдвар гарсан сэжигтэй тохиолдлын улмаас далай гаралтай бүтээгдэхүүн түр хязгаарласан. Монгол Улсын хил дээр нийтдээ 15 боомт хөдөлгөөнтэй үйл ажиллагаа явуулж байна. Бусад боомт түр хязгаардагдсан, хөдөлгөөнгүй байна. Хамгийн их ачаалалтай боомтууд болох Замын-Үүдийн боомтоор өдөрт 300 ачааны машин 18-20 галт тэрэг, түүн дотроо 100-120 галт тэрэг хүнсний болон хүнсний ногоо экспорт болон импорт хийгдэж байна. Алтанбулаг боомтоор ОХУ болон Европын улсаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өдөрт 20-30 тонн орж ирж байна.
ЭЕШ энэ жил онцгой нөхцөл байдалд зохион байгуулагдахаар боллоо. Шалгалтад нийтдээ 30,200 хүүхэд шалгалтад бүртгүүлсэн. ЭЕШ үйл ажиллагаанд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түр журам гарган мөрдүүлэн ажиллаж байна. Шалгалтын байруудад МХЕГ-аас урьдчилан шалгалт хяналт хийгдлээ. Зарим байрууд шаардлага хангахгүй байна. Харин шаардлага хангасан 85 байр бэлэн болсон гэж МХЕГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.