Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын нийслэл Москва хотод болсон ялалтын баярын жагсаалд оролцсон Бүгд Найрамдах Серби Улсын Батлан хамгаалахын сайд Александр Вулин коронавирустэй нь оношлогдсон талаар тус улсын Засгийн газраас мэдэгджээ.
Халдварын шинжилгээгээр “эерэг” хариу авсан Батлан хамгаалахын сайд сайн дурын тусгаарлалтад ороод байгаа аж. Тэрээр өнгөрөгч мягмар гарагт Москва дахь Сербийн цэргүүдтэй уулзан, маргааш нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Улаан талбайд зочлон, Ялалтын баярын жагсаалыг үзэж сонирхон өөрийн биеэр оролцсон юм.
Түүнчлэн Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич ёслолын өмнөх өдөр Кремльд Путинтэй уулзалт хийн, Улаан талбай дахь баярын жагсаалд ч мөн оролцон, ахмад дайчид болон бусад улсын удирдагчдын дэргэд суусан. Тэгвэл түүнийг коронавирусээр халдварлаагүй болохыг албаныхан мэдэгдсэн байна.
Серби улс тавдугаар сарын эхээр цар тахлыг хяналтдаа аван, хөл хориогоо цуцалсан бөгөөд зургадугаар сард спортын тэмцээнүүдийг зөвшөөрөн, үндэсний сонгуулиа төлөвлөсөн ёсоор зохион байгуулах шийдвэр гаргасан. Зургадугаар сарын 21-нд болсон сонгуулиас хойш коронавирусийн тохиолдол мэдэгдэхүйц өсөн, хэд хэдэн албан тушаалтан халдвар аваад байгаа аж.
Эх сурвалж: The Moscow Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юу гэсэн ч үг юм. Тэр үед халдвар аваагүй бж бгаад дараа нь авсан гэх гээд байгаа юмуу.