Калифорни мужийн Walmart сүлжээ дэлгүүрийн түгээх төвд буутай этгээд нэвтэрч гэмгүй иргэд рүү гал нээсэн хэрэг гарчээ. Техама хотын шерифийн туслах Филь Жонстоны хэлснээр халдлага үйлдсэн зэвсэгтэй этгээдийг 31 настай Луйс Лэйнь болохыг тогтоосон байна.
Цагдаагийн ажилтнууд ирж гэмт этгээдийг буудаж хороохоос өмнө бууны суманд нэг хүн өртөж амиа алджээ. Мөн цагдаа нар гэмт этгээдийг хороох хүртэл сүлжээ дэлгүүрийн түгээх төвийн гадаах автомашины зогсоол дээр буудалцаан болж 20-30 удаа гал нээсэн тухай эх сурвалж мэдээлэв.
Луйс Лэйнь хагас автомат винтов буугаар зэвсэглэсэн байжээ. Амиа алдсан гэмгүй иргэн Walmart-ын ажилтан Мартин Харо Лозано гэгч бөгөөд хүндээр шархдан эмнэлэгт хүргэгдсэн боловч удалгүй нас барсан талаар мэдэгдэв.
Гэмт этгээд 2019 оны хоёрдугаар сард Walmart дэлгүүрийн тус салбарт ажиллаж байгаад халагдсан гэх мэдээлэл байна. Амиа алдсан хохирогчоос гадна гэмтэж шархадсан зургаан хохирогч эмнэлэгт хүргэгджээ.
Лэйнь халдлага үйлдэхээсээ өмнө барилгын автомашины зогсоолын ойролцоо дөрвөн цагийн турш эргэлдсэнийг олж тогтоосон байна. Тэр барилгыг машинаараа мөргөж, галдан шатаасныхаа дараа машинаасаа бууж хаа сайгүй бууджээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.