Амны хаалтгүй эмэгтэйд үйлчлэхээс татгалзсан АНУ-ын Сан-Диего хотын Старбаксын бариста залууд одоогийн байдлаар бараг 80 мянган ам.долларын хандив цугларчээ.
24 настай Ленин Гутеррез өнгөрөгч даваа гарагийн өглөө Сан-Диего дахь Старбаксын ээлжинд ажиллаж байх үеэр амны хаалт өмсөөгүй эмэгтэй орж ирээд, захиалга өгөхийг хүссэн аж. Ингээд тэрээр уг эмэгтэйгээс амны хаалттай эсэхийг нь асуугаад, үйлчлүүлэгчдийг заавал амны хаалт өмсөхийг шаардсан компанийн удирдамжийг үзүүлж амжихаас өмнө бухимдсан эмэгтэй Гутеррез руу хараал урсгаж эхэлжээ.
Үүний дараа нь Эмбер Ленин Жиллес гэх нэртэй үйлчлүүлэгч эмэгтэй Гутеррезийн зургийг даран “Намайг амны хаалт өмсөөгүй учраас надад үйлчлэхээс татгалзсан Старбаксын Ленинтэй танилц. Дараагийн удаа би цагдаа дуудан, эмнэлгийн хуудас авчрах болно” гэсэн тайлбартай постыг өөрийн Фейсбүүк хуудаснаа байрлуулсан байна.
Гэвч хэрэг Жиллесийн бодсоноор болсонгүй, хүмүүс түүний постон доор Гутеррезийг шүүмжлэхээс илүү түүнд дэмжлэг үзүүлсэн сэтгэгдэл ихээр бичих болжээ. Эдгээр хүмүүсийн нэг Мэтт Кован баристаг зөв зүйл хийснийхээ төлөө дээрэлхүүлсэнд сэтгэл дундуур байсан бөгөөд тэрээр Гутеррезэд зориулан “GoFundMe” хандивын хуудас нээн, түүний ажилладаг Сан-Диего дахь кофе шопт ирэх боломжгүй хүмүүсийг уг баристад гар цайлгах мөнгө цахимаар илгээхийг уриалсан юм.
Энэхүү төслийн эхний зорилго нь мянган доллар байсан хэдий ч долоохон хоногийн дотор хэдэн мянган хүн тусламжийн гараа сунган, бараг 80 мянган ам.доллар хандивлажээ. Энэ талаар Ленин Гутеррез “Хүмүүсийн надад өгсөн энэ их дэмжлэг, хайр, боломжид хичнээн их цочирдож, талархаж, баярлаж байгаагаа үгээр илэрхийлшгүй” гэв. Хүлээн авсан хандивын мөнгөө тэрээр бүжигчин болох мөрөөдлийнхөө төлөө ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд, мөн Сан-Диегогийн зарим сайн дурын байгууллагад хандивлахыг хүсэж байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Барист, бариста гээд л бичээд байх юм. Орчуулж чадахгүй байгаамаадаа