ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг 2036 он хүртэл төрийн эрх барих боломжийг олгох Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх долоо хоногийн хугацаатай санал хураалт орон даяар явагдаж байна. Өчигдрийн байдлаар нийт 30 сая гаруй иргэн саналаа өгөөд байгаа талаар “ТАСС” агентлаг мэдээлжээ. Харин цахимаар санал өгөх хүсэлт ирүүлсэн иргэдийн ирц 80 хувьд хүрч, 938,200 гаруй сонгогч саналаа өгөөд байгаа аж.
Санал хураалт албан ёсоор долдугаар сарын 1-ний өдөр товлогдоод байсан ч эрх баригчид цар тахлын үеэр олон нийтийн цугларалт үүсгэхээс сэргийлэн, санал хураалтын байруудыг долоо хоногийн өмнө буюу зургадугаар сарын 25-ны өдрөөс нээсэн байна. Уг санал хураалтад улс орны өнцөг булан бүрээс нийт 110 сая сонгогч санал өгөх эрхтэй юм.
Хэдийгээр Ерөнхийлөгч Путин 2024 онд дахин нэр дэвшинэ гэж албан ёсоор зарлаагүй ч түүнд сонголт байх нь нэн чухал хэмээн мэдэгдсэн. Тэрээр “Үгүй бол хоёр жилийн дараа гэхэд төрийн бүх түвшин хэвийн ажиллахын оронд бүх хүн боломжит залгамжлагчийг хайх болно гэдгийг би мэдэж байна” хэмээн санал хураалтын талаар үзэл бодлоо илэрхийлжээ.
Харин сөрөг хүчний идэвхтэн Алексей Навальный шинэ өөрчлөлтийн үр дүнд Путин бүх насаараа Ерөнхийлөгч болох боломжтой болно гэв. Өдгөө 67 настай Владимир Путин Оросыг 20 жилийн турш удирдан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын алба хашиж байсан. Гэвч эдийн засгийн хямрал, тэтгэврийн тогтолцоонд маргаантай шинэчлэл хийсний улмаас сүүлийн жилүүдэд түүний нэр хүнд тодорхой хэмжээнд буураад байгаа.
Энэхүү өөрчлөлтийг улсын ахмад улс төрчид ихээр дэмжиж байгаа бөгөөд ажиглагчид шинэ хууль хэрэгжих нь эргэлзээгүй гэж үзэж байна. Шинэ Үндсэн хуулийн хуулбарууд Оросын номын дэлгүүрүүдэд хэдийн худалдаанд гараад байгаа аж.
Эх сурвалж: ТАСС, BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.