АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод найман настай Келли Энн Проссер бусдын гарт амь насаа алджээ. Гэмт хэрэгтэн охиныг хулгайлан хүйтэн торонд хорьж, хэрцгийгээр хүчирхийлэн амь насыг нь хороосон юм.
Энэ хэрэг гарснаас хойш 38 жилийн турш хотын цагдаа нар, охины гэр бүл гэмт этгээдүүдийг хайсаар эцэст нь ДНХ-ийн шинжилгээгээр илрүүлж чаджээ.
Келли охин 1982 оны есдүгээр сарын 20-ны өдөр сургуулиа тараад гэр лүүгээ алхаж харих замдаа хулгайлагдаж, хоёр хоногийн дараа нас барсан байдалтай олдсон юм. Тухайн үед гэмт хэргийг ДНХ ашиглан илрүүлэх талаар цагдаа нар болоод мөрдөгчид төсөөлөлгүй байжээ.
Харин орчин цагт гэмт хэрэг үйлдэгдсэн газар болон хохирогчид үлдсэн ул мөрийг нарийн шинжилж хэрэгт холбогдолтой этгээдийг илрүүлэх боломжтой болсноор охины амь насанд хүрч, хэрцгийгээр хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг олжээ. Охайо мужийн прокурорын газрын мэдэгдсэнээр уг хэрэг нь олон жилийн турш мөрдөгчид, цагдаа нарын мөрдсөн онц ноцтой хэргүүдийн нэг байсан гэв.
Орчин үеийн техник технологийн тусламжтайгаар алуурчныг Хэролд Варрен Жаррел гэгч байсныг олж тогтоожээ. Харамсалтай нь уг этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ ялыг эдлэхээс өмнө нас барсан байна. Гэвч түүний нэр хэрэгт холбогдолтой сэжигтнүүдийн дунд ч огт багтаагүй ажээ.
1977 он руу буцвал Жаррел гэгч этгээд Колумбус хотын хойд хэсэгт найман настай өөр нэг хохирогч охиныг хулгайлсан хэрэгт холбогдон цагдаад баригдсан байна. Тэрээр 1982 онд суллагдаж, суллагдсанаасаа хойш найман сарын дараа Келли охиныг дахин хулгайлжээ. Гэвч тухайн үед түүнийг дахин онц ноцтой гэмт хэрэг үйлдсэнийг хэн ч тааварласангүй.
Жаррел Колумбус хотын радиод ажиллаж байгаад хожим Лас Вегаст нас барсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.