Хэнтий аймагт усанд осолдсон байж болзошгүй 5-39 настай таван эрэгтэй хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Түүнчлэн энэ амралтын өдөр Туул голд 19 настай эрэгтэй хүүхэд осолдож, 20 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С/5 настай, эмэгтэй/ нар “Хярхан” голын эргээс таана, мангир түүхээр энэ сарын 23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болжээ.
Ар гэрийнхэн нь зургадугаар сарын 24-ний өдөр хярхан голд живсэн байж болзошгүй гэх тухай дуудлага өгсөн байна. Ингээд тус өдөр мотоциклыг нь Хярхан голын эргээс олсон. Энэ сарын 28-ны өдрийн байдлаар тус сумын Зуны гарам гэдэг газраас зүүн урд зүгт Доод гарам гэдэг газар хүртэл “Хярхан” голын дагуу 32 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, дөрвөн удаагийн гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй энэ өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар тус аймгийн Бор-Өндөр сумын харьяат иргэн Г 32 настай эрэгтэй, М 31 настай эрэгтэй, Н 20 настай эрэгтэй нар “Хэрлэн” голын усанд энэ сарын 26-нд осолджээ. “Хэрлэн” голоор 24 км-т усаар болон голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Энэ сарын 29-нд 04:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн урд талд “Туул” голд хоёр хүн живсэн тухай дуудлага энэ сарын 28-ны өдөр иржээ. Дархан-Уул аймгийн харьяат иргэн Э /19 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 16:41 цагт осолдсон газраас нэг км-ийн зайд голын эрэг дээр гарч ирснийг олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Т.Соронзонболдод шилжүүлэн өгсөн. Иргэн С. /20 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.