Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
-Дэлхийн 216 улс оронд 10 сая 69 мянган хүн коронавирусээр халдварлаж 500 мянга гаруй хүн нас баржээ. 4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дэлхий нийтэд сүүлийн 12 хоногт халдвар авсан хүний тоо 2 саяар нэмэгдсэн байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар 170 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна. БНХАУ, АНУ, Англи зэрэг улсын эрдэмтдийн тооцооллоор дэлхий нийтэд хүн амын 5 хувь буюу 1,7 тэрбум хүн өвчилж, хүндрэх эрсдэлтэй гэжээ.
АНУ-д 44 мянга, Бразильд 38 мянга, Энэтхэгт 20 мянга орчим хүн сүүлийн 24 цагийн дотор халдвар авсан нь бүртгэгдсэн.
ОХУ-д 24 цагийн дотор 6852 тохиолдол бүртгэгдсэн байна. 188 хүн ОХУ-д энджээ. Манай улстай хил залгаа Буриад, Тува улсад өвчлөл тасралтгүй нэмэгдэж байна.
Харин манай улсад ажиглалтад 2336 хүн байна.
Тусгай үүргийн онгоцоор ирсэн 93 хүн Цэргийн төв госпиталд хэвтэн эмчлүүлж байгаагаас 5 хүний биеийн байдал хүнд байна. Голдуу ахмад, хууч өвчтэй хүмүүсийн биеийн байдал тааруу байна.
119 тоот тусгай дугаарт 24 цагийн дотор 130 дуудлага ирсэн. Ихэнх нь коронавирусээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой дуудлага байлаа.
Мөн зоогийн газар, баар, ресторануудад хүмүүс олноороо цуглаж, маск зүүхгүй байгаа гэсэн гомдол ихээр иржээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төв:
-ЗӨСҮТ-өөс 238 удаагийн ажиллагаагаар тусгай үүргийн онгоцоор ирсэн 10 мянга гаруй хүнд үйлчилж, 111 агаарын хөлөг, 31 галт тэрэг, 369 автоубс, тээврийн хэрэгсэл, 13 чингэлэг, тусгаарлах 28 байрны 300-аад өрөөнд халдваргүйтгэлийг хийж, халдвар олон нийтийн дунд тархахаас сэргийлэн ажиллласан.
1896 сорьц цуглуулан халдвар үүсгэгчийн шинжилгээ хийсэн байна. Сүүлийн 7 хоногт Замын-Үүдийн боомтоор орж ирж буй 474 жолооч, МХГ, төмөр замын ажилчдыг хамруулан шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.
Мөн эрүүл мэндийн ажилтнууд, эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын мэдлэгийг дээшлүүлэх 28 байгууллагын 3700 гаруй мэргэжилтнийг хамруулсан байна. Мөн орон нутагт 120 гаруй байгууллагын 1200 гаруй ажилчдыг сургалтад хамруулсан байна.
Зоонозын гаралтай коронавурис сүүлийн үед буурахгүй улам нэмэгдэж байна. Хүн хүнээсээ халдварлахаас гадна хүнсний бүтээгдэхүүн, тахианы аж ахуйгаа халдварлаж байгаа учир хүнсний захуудаар үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой байх, зайгаа баримтлах, амны хаалтаа зүүх шарадлагатайг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.