Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Коронавирус өвчнөөр 9,986,000 хүн өвчлөөд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д 40,000 гаруй хүн өвчилсөн тул хөл хориог суллаад байсан Аризона, Флорида мужид буцаж хөл хориогоо чангаллаа. Сүүлийн ганцхан хоногт дэлхийн дахин 180 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, 4000 хүн нас барсан тул өвчлөлийн эрч өмнөхөөсөө өсч байгааг харуулж байна.
Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 93 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Үүнээс архаг хууч өвчтэй зургаан хүнийг эрчимт эмчилгээнд хамруулаад байна. Сүүлийн үед манай улсын иргэд амны хаалтаа зүүхгүй байгаа тул анхаарал сэрэмжээ бууруулахгүй байхыг уриалж байна.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
Өчигдөр Бразил улсад 46,000 тохиолдол бүртгэгдэж 980 хүн нас барлаа. Тус улсын Санпуала хотод тархалт хамгийн их байна. Бразил Улсын иргэдэд коронавирусээс урьдчилан сэргийлэх вакциныг туршиж эхэлсэн гэдэг мэдээлэл ирээд байна.
Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын Сэүл хотод сүмийн үйл ажиллагаанд оролцсон иргэдээс коронавирус илэрсэн тул өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, сэжигтэй тохиолдлыг илрүүлэхээр ажиллаж байна. Бээжин хотод 21 хүнээс коронавирусийн илэрсний 17 нь дотоод халдвар, 4 нь зөөвөрлөгдөн орж иржээ.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, хурандаа Л.Баттөр:
Дотооддоо халдвар тархаагүй энэ цаг үед тусгай үүргийн онгоцоор ирсэн, хил гаалиар орж ирсэн сэжиг бүхий иргэдтэй шууд харьцсан албан хаагчдыг манай эмнэлэгт байршуулан ажиглалтад байлгаж байна. Эрүүл мэндийн байгууллагууд эргэлтээр хүн оруулахыг хязгаарлаж, урсгал хөдөлгөөнийг бууруулж байгааг хэлье. Ард иргэд та бүхэн зай барих, амны хаалтаа тогтмол зүүх зэрэг арга хэмжээг тасралтгүй авч хамтдаа цар тахлыг ялна гэдэгт итгэж байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:
ХӨСҮТ-ийн лабораторид 172 хүнд шинжилгээ хийхэд өвчлөл бүртгэгдсэнгүй. Цэргийн онгоцоор ирсэн 75 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулгийн боомтоор орж ирсэн 35 жолоочид шинжилгээ хийхэд мөн өвчлөл илрээгүй. Одоогоор батлагдсан 215 тохиолдол байгаа. Мөн өчигдөр шинээр таван хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжсэн. Одоогоор 82 хүнд эмчилгээ хийж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.