Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа. Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдол Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсээр байгаа тул дээрх уулзалтыг хийсэн байна.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой. Мөн хяналтын буюу гар тооллого явуулахдаа тагнуул, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан энэ сарын 27-28-ны өдрүүдэд багтаан ил тод зохион байгуулах ёстой” хэмээн үүрэгджээ.
Харин СЕХ-ны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаа илэрхийлсэн байна.
Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны гишүүн, Бригадын генерал С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Д.Гэрэл нар оролцсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.