Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен хуримынхаа товыг эцэслэн гаргасан гэж бодож байсан ч ирэх сард болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын улмаас гурав дахь удаагаа хойшлуулах хэрэгтэй болсноо өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ.
Тэрээр өөрийн Фэйсбүк хуудаснаа сүйт залуу Бо Тенбергийн хамт даруулсан зургаа байршуулан “Би энэ гайхалтай эртэй гэрлэхийг тэсэн ядан хүлээж байна. Гэхдээ мэдээж энэ тийм амар зүйл биш. Бид хуримаа хийхээр төлөвлөөд байсан долдугаар сарын бямба гарагийн өдөр Брюссель хотод зөвлөлийн хурал болохоор товлогдлоо” хэмээн бичсэн байна.
Метте Фредериксен үргэлжлүүлэн “Гэхдээ би ажлаа хийж, Дани улсын ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Тиймээс бид төлөвлөгөөгөө дахин өөрчлөх болно. Удалгүй бид гэрлэх боломжтой болох байх. Тэр үед тэвчээртэй Бод тийм гэж хэлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэв.
Долдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Брюссель хотноо болох ээлжит хуралдаанд Европын холбооны 27 гишүүн орны төрийн тэргүүнүүд нэг дор цугларна. Энэ нь коронавирусийн улмаас сүүлийн хэдэн сарын турш хөл хорио тогтоосноос хойш эдгээр улс орны удирдагчид биечлэн оролцох анхны уулзалт болох юм. Уг уулзалтын үеэр удирдагчид Ковид-19-ийн хямралын эсрэг сэргээн босгох төлөвлөгөө болон Европын холбооны шинэ төсвийн талаар хэлэлцэнэ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.