-АН-ын дүрмийн дагуу олонхийн суудал авч чадаагүй намын дарга, удирдлагууд ажлын тав хоногийн дотор ажлаа өгөх ёстой-
АН-ын хэсэг гишүүд "АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороо"-г байгуулж, хариуцлага шаардаж эхэллээ.
АН-ын гишүүн Б.Ган-Эрдэнэ:
-2020 оны сонгуулийн дүнгээр АН 11 суудал авч хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ нь Ардчилсан намыг олон жилийн турш дэмжиж, ардчилалд итгэл хүлээлгэсэн олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй үйлдэл.
АН-ын гишүүд бид энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй. Намыг ялагдалд хүргэсэн одоогийн удирдлага дүрмийн дагуу хариуцлага хүлээж, шинэчилсэн зохион байгуулалтыг хариуцлагатайгаар хийж чадах эсэх, дотоод ардчиллыг гишүүдийн оролцоотой хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм.
Тиймээс цаашдын өрнөлд хяналт тавих, шинэчлэлийг сууриар нь зөв зохион байгуулах нь намын төдийгүй монголын ардчилалд чухал ач холбогдолтой гэж бид үзэн "АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороо"-г байгуулснаа зарлаж байна.
“Түр хороо” дараах шаардлагыг тавьж ажиллана:
-АН-ын Үндсэн дүрэмд заасны дагуу АН-ын дарга, дэд дарга, ЕНБД нарыг 2020 оны 06-р сарын 24-ний орой огцорсныг ажлын тав хоногт багтаан албажуулах ажлыг АН-ын Үндсэн дүрмийн хороо хянаж чадах эсэхийг хянах,
-Намын Үндэсний бодлогын хорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардах,
-АН-ын дүрмийн хэрэгжилт, дотоод ардчиллыг хангуулахтай холбоотой бусад ажлыг зохион байгуулах,
-Түр хорооны зохицуулагчдыг АН-ын ҮБХ-ны есөн гишүүнээр бүртгүүлэх гэх мэт шаардлагуудыг тавьжээ.
Уг түр хороог 100 гаруй залуусыг төлөөлөн есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Тэд ихэнхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн талын залуус ажээ. Нэг ёсондоо бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан Н.Алтанхуяг эргэн ирж, намынхаа дарга болж магадгүй гэсэн таамаг хөвөрч эхэллээ. Үүнийг нь батлах мэт түүнийг дэмжигч залуус ийн хөдөлж эхэлжээ.
АН-ын ҮБХ-ны гишүүн М.Тулгат:
-2016 онд АН ард түмнээсээ шинэчлэгдээд ир гэдэг даалгавар авсан. Өчигдрийн сонгуулийн дүн шинэчлэгдэж чадаагүйг илэрхийллээ. Монголын ард түмэн МАН-д сэтгэл хангалуун байгаа учраас сонгосонгүй. ЖДҮ, концесс, 60 тэрбум гэх мэт янз бүрийн хэргүүд бий. Гэтэл АН энэ бүхнийг сөрж зогсох сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Дотод ардчилалгүй байна гэдэг үнэлгээг ард түмэн сая өгч байна.
Тиймээс бид намаа эрс шинэчлэх ёстой. Ардчиллаа дэмждэг олон хүмүүс сэтгэл гонсгор байгаа. Энэ сонгуульд сонгогчдын 70 хувийн санал гээгдсэн байна. Ер нь бид Ардчилсан намын шинэчлэл, цаашлаад тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай болж байна. Үндсэндээ өмнөх хүмүүсийн, ах нарын дүрэмгүй аашилдаг явдалд цэг тавья гэж байгаа юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
AH aa shinechleh tsag ali hediin bolson. Bolovsroltoi eh ornoo geh setgeltei shudarga humuuseer hureelle teleh heregtei.