СЕХ-ноос сонгуулийн нэгтгэсэн дүн мэдээг танилцуулж байна. Өчигдөр шөнө 35 хэсгийн дүн мэдээ бороо хур, гол уснаас үүдэн мэдээлэх боломжгүй байна гэж СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мэдэгдэж байсан билээ.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 2,300,069 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1,757,800 буюу 73 хувь нь саналаа өгчээ. 2016 оны ирц 74,6 хувьтай байсан. Энэ жил хувьд буураагүй гэсэн үзүүлэлт гарчээ.
Сонгуулийн сурталчилгаа 22 цагт хаасны дараа 50 хувьд нь хяналтын тооллого хийхээр хуульчилсан. 2070 хэсгээс 849 хэсэгт буюу 41,2 хувьд нь хяналтын тооллого хийгдэж байна. Хяналтын тооллого хараахан дуусаагүй. Нийслэл гэхэд Баянгол дүүргийн хоёр хэсэг дээр тооллого явагдаж байна. Одоогоор тооллогын машин, гараар тоолсон дүн зөрсөн тохиолдол гараагүй.
Гол устай холбоотой мэдээ дамжуулах ажиллагаа саатсан тохиолдол багагүй гарчээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Түвшинширээтийн таван хэсгийн гурав нь сумын төв рүүгээ очиж дүнгээ танилцуулдаг. Гэтэл аймгийн хойд хэсгээр бороо их орсны улмаас тойруу замаар явж ирж дүнгээ танилцуулсан байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 74-р хэсгийн дүн мэдээг дамжуулах гэж ирж явсан Ланд суугаад, түүнийг нь чирж гаргах гэж байсан Урал нь мөн урссан. Хамгийн сүүлд модны трактор очиж гаргаснаар, хамгийн сүүлд буюу 07 цагт дүн мэдээгээ сумаас дамжууллаа.
СЕХ-ны хурал одоогоор болоогүй. Хуралдсаны дараа дүнг нь эцсийн байдлаар мэдээлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.