ОХУ Ялалтын баярын 75 жилийн ойн жагсаалыг жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулж, цэрэг армийн сүр жавхаагаа бадруулдаг уламжлалтай ч коронавирусийн цар тахлын улмаас энэ жил хойшлогдож өнөөдөр өглөө Москвагийн Улаан талбайд жагссан билээ. Жагсаалын үеэр Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгийг хөрвүүлэн хүргэж байна.
“Эрхэм хүндэт ОХУ-ын иргэд, ахмад дайчид, гадаад зочид, нөхөр цэргүүд болон далайчид, түрүүч, батлан хамгаалах, хошууч офицерууд, генералууд, адмиралууд аа, та бүхэнд Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өнөөдөр бид дайнаас эргэн ирээгүй хэн бүхний гэгээн дурсгалыг санагалзан, толгойгоо бөхийлгөж байна. Биднээс одсон хөвгүүд, охид, эцэг, эх, өвөө, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хамаатан садан, найз нөхөд, хамт тулалдсан цэрэг андууд, ахмад дайчдыг бодон гашуудаж байна”
“Улаан арми дэлхийг хамгаалж зогсоогүй бол юу тохиолдох байсныг төсөөлөхийн аргагүй. Улаан армийн цэргүүдэд дайн, бусад улс орон, алдар нэр, хүндэтгэл хэрэггүй байсан. Тэд зөвхөн дайснаа устган, ялалт байгуулаад, гэртээ харихыг эрмэлзэж байсан ч Европын эрх чөлөөний төлөө үнэлж баршгүй үнийг төлсөн юм. Олон зуун мянган цэрэг харийн нутагт амиа алдсан. Үүнийг санан дурсах бол бидний үүрэг. Зөвлөлтийн ард түмэн нацизмын эсрэг тэмцэлд онцгой хүнд ачаа үүрснийг санах явдал юм”
Мөн Ерөнхийлөгч Путин Улаан талбайд оросын цэргүүдтэй хамт алхсан Монгол, Азербайжан, Армени, Беларусь, Энэтхэг, Казахстан, Киргизстан, БНХАУ, Молдав, Серби, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг улсын төлөөлөгчидтэй мэндчилэн, дэлхий дээрх энх тайвныг хамгаалсан бүх хүнд хүндэтгэл үзүүлэв. Тэрээр “1944 оны зургадугаар сарын хоёр дахь фронтыг ялалтад ойртоход холбоотнуудын оруулсан хувь нэмрийг бид хэзээ ч мартахгүй. Улс хоорондын найрамдал, итгэлцлийг бэхжүүлэх нь хичнээн чухал болохыг бид ойлгодог учир олон улсын тулгамдсан асуудлуудын талаар яриа хэлцэл, хамтын ажиллагаанд үргэлж нээлттэй байх болно. Үүний нэг бол хурдацтай өөрчлөгдөж буй орчин цагт тохирох аюулгүй байдлын найдвартай, хамтарсан тогтолцоог бий болгох явдал юм. Зөвхөн бид хамтдаа л эх дэлхийгээ шинэ аюул гамшгаас хамгаалж чадна” гэв.
Путин үргэлжлүүлэн “Өнөөдөр Аугаа их эх орны дайны ахмад дайчид өөр өөр улс оронд амьдарч байна. Эдгээр эрхэм хүндэт ахмад дайчид та бүхэнд талархлаа илэрхийлье. Та бүхний баатарлаг ололт амжилтын дурсамжийг хэзээ ч мартахгүйн тулд бид чадах бүхнээ хийх болно. Энэ бол бидний ухамсар, одоогийн болон ирээдүйн үүрэг хариуцлага юм. Нацизмыг ялсан үеийнхнийг алдаршуулъя! Дэлхийн хоёрдугаар дайны баатруудыг алдаршуулъя! Ура!” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.