УИХ-ын сонгуулийн 24-р тойрог, Сүхбаатар дүүргийн санал авах хоёрдугаар хэсэг дээрээс LIVE телевизийн сурвалжлах баг шууд дамжуулан хүргэж байна.
УИХ-ын сонгуулийн 24-р тойрогийн санал авах 2-р хэсгийн ахлагч н.Цогбаяр:
Манай хэсгийн хороонд бүртгэлтэй 2899 сонгогч саналаа өгөх ёстой. Сонгуулийн ирц одоогоор 15 хувьтай явж байна. Хамгийн идэвхтэй санал өгч байгаа хүмүүс нь 56-аас дээш насныхан байна. Өмнөх жилүүдтэй харьцуулаад үзэхэд энэ жил идэвх арай өндөр байна. Манай тойргийн хувьд нь энэ жил 38 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Хамгийн олон нэр дэвшигчтэй тойргийн нэг байгаа. Энэ жил коронавирус гарсантай холбоотойгоор нэг удаад нам эвслийн 9 ажиглагч, 10 төрийн албан хаагч ажиллаж байгаа. Энэ жил хүмүүс хоорондын зай барих, гараа ариутгах, амны хаалтаа зүүх, бээлий өмсөх гэх мэт аюулгүй байдлын дэглэм журмаа чанд барьж оролцож байна.
Сүхбаатар дүүргийн сонгогч:
Энэ жилийн сонгууль их сайхан болж байна. Өмнөх жилүүдийг бодвол нэг нэгнийгээ харлуулан гутаадаг хар пиар огт явсангүй. Үндсэн хуульд заасан сонгох эрхээ эдэллээ. Хүмүүсээ харлаа, мөрийн хөтөлбөрийг нь хараад сонголтоо хийсэн. Цар тахал гарчихсан байгаа энэ үед сонгууль болж байгаа учраас энэ хүндрэл бэрхшээлийг зөв шийдвэрлэж чадах, нам улстөрийн хүчнийг дэмжиж саналаа өгсөн.
Ташрамд хэлэхэд:
Энэ жил коронавирусийн халдвар дэлхий нийтийг хамарсантай холбоотойгоор аюулгүй байдлыг чанд сахиулж, зай бариулж оролцуулж байгаагаараа онцлог юм. Тухайлбал, саналаа өгч буй иргэн бүр заавал амны хаалтаа зүүсэн байх шаардлагатай бөгөөд санал авах байрны хаалгаар ормогц гараа санитасаар ариутгаж, хурууны хээгээ уншуулна. Үүний дараа хангалтаар өгсөн нэг удаагийн бээлийг өмсөөд саналын хуудсаа бөглөж, хар машинд уншуулаад гарах юм. Ийм учраас өмнөх сонгуулиудыг бодвол бага зэргийн хүлээгдэл бий болгож буй тул сонгогч та бүхэн аль болох тэвчээртэй байж саналаа заавал өгөөрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.