Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаалууд дэлхий даяар болон цахим ертөнцөд үргэлжилсээр байгаа энэ үед загварын салбар уран бүтээл болон бизнесийн үйл ажиллагаандаа шүүмжлэлд өртөж байна.
Дэлхийн өнцөг булан бүрд өрнөж буй энэхүү нийгмийн хөдөлгөөний хүрээнд загварын брэнд болон хэвлэлүүдийн хуучин ажилтнууд ялгаварлан гадуурхагдаж байснаа илчилж эхэлсэн. Эдгээр брэндүүд хар фон дээр “Black Lives Matter” гэж бичээд олон нийтийн сүлжээгээрээ тараах нь загварын салбар дахь системчлэгдсэн арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг ямар ч үр дүнгүй зүйл гэжээ.
Тэгвэл загварын ертөнц шүүмлэлд өртөж буй цаг үед супермодель Жоан Смоллс 2020 оны үлдсэн хугацаанд авах нийт цалингийнхаа талыг “Black Lives Matter” хөдөлгөөний харьяат байгууллагуудад хандивлахаар шийджээ. Үүний дээрээс тэрээр “DonateMyWage.org” вэбсайтыг үүсгэн байгуулж, мэргэжил нэгтнүүд болон загварын салбарын бүх ажилчдыг өөртэйгөө адил цалингийнхаа тодорхой хувийг хүссэн байгууллагадаа хандивлахыг уриалсан байна.
Пуэрто-Рикод төрсөн Смоллс “Би агентлаг, сэтгүүл, брэндүүдийг өөрсдийн Инстаграм хуудаснаа хар өнгийн зураг байрлуулсныг харсан. Гэхдээ энэ яг юу гэсэн үг вэ? Загварын салбар энэ асуудлын талаар яг юу хийх гэж байна вэ? Энэ бол зүгээр л өөр нэг трэнд юм гэж үү? Загварын салбар өнгөт арьст моделиудаар ашиг орлого олж, байнга бидний өв соёлоос санаа авч, дуу хөгжим, дүр зургийг минь ашигладаг хэдий ч арьс өнгөөр ялгаварлах асуудлыг тойроод л гардаг” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
Өөрийгөө өнгөт арьст латин эмэгтэй гэж тодорхойлдог Жоан Смоллс сүүлийн арван жилийн хугацаанд загвар өмсөгчийн хувьд өндөр амжилтад хүрэн, 2013 оноос хойш “Forbes” сэтгүүлийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн жагсаалтад тогтмол багтсаар ирсэн юм. Гэвч тэрээр карьерынхаа явцад арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй байнга тэмцэн, түүнийг өнгөт арьстай болохоор нь хамтран ажиллахыг хүсээгүй сонгон шалгаруулагч, стилист, гэрэл зурагчидтай ч таарч байжээ.
Тэрээр эдгээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй хүмүүсийг үргэлжлүүлэн ажиллуулсаар байдаг загварын ертөнцийн удирдлагуудыг шүүмжлэн, харин эсрэгээрээ түүнд тусалж, дэмжсэн хүмүүст талархал илэрхийлсэн юм. Жилийн эцэс хүртэл цалингийнхаа талыг хандивлахын зэрэгцээ Смоллс өөрийн хамтран ажилладаг брэндүүддээ хариуцлага хүлээлгэж, тэднийг санхүүгийн хандив өгөн, бүх хүнд нээлттэй байхыг идэвхтэй сурталчлах бодлого хэрэгжүүлэхийг уриалахаа амлав.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.