АНУ-ын цэрэг нацист бүлгэмд мэдээлэл өгч өөрийн алба хашдаг анги нэгтгэлээ устгах төлөвлөгөө боловсруулж байсан хэргээр баригджээ. 22 настай Этан Мелцерийг Order of the Nine Angles бүлгэмд чухал нууц мэдээллүүдээ илгээсэн байсныг илрүүлж, террорист гэмт хэрэг үйлдэх гэж байсан хэмээн буруутгав.
АНУ-ын Хуульзүйн яамнаас тус бүлгийг онц ноцтой, хэт даврагчдын бүлгэм хэмээн нэрлэсэн байна. Холбооны мөрдөх товчоо, Америкийн армийн өгсөн мэдээллээр уг цэрэг энэ сарын сүүлээр халдлага үйлдэхээр төлөвлөсөн ба зургадугаар сарын 10-ны өдөр баривчилжээ.
Цэргийг нууц хуйвалдаан зохион байгуулах гэж оролдсон, АНУ-ын иргэдийн амь насыг бүрэлгэхийг оролдсон, цэргийн ажилтнуудын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа сэдсэн, террористуудыг мэдээллээр хангасан зэрэг хүнд ноцтой гэмт хэргүүдэд буруутгасан байна.
Мелцер нь 2018 оны 12 дугаар сард АНУ-ын армид элсчээ. Албан үүргээ 2019 оны зургадугаар сар буюу жилийн өмнөөс идэвхтэйгээр гүйцэтгэж эхэлсэн байна. Эх сурвалжийн дамжуулснаар Order of Nine Angles буюу О9А бүлгэм нь нацист дарангуйлагч Адольф Гитлер, исламын жихадист Осама бин Ладены үзэл баримтлалыг дэмжигчид ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.