Азийн хамгийн баян эрхэм Мукеш Амбани дэлхийн хамгийн баян 10 хүний тоонд багтжээ.
Амбани бол Энэтхэгийн хамгийн өндрөөр үнэлэгддэг компаниудын нэг “Reliance Industries”-ийн Ерөнхий ба Гүйцэтгэх захирал юм. Bloomberg Billionaires Index-ийн мэдээлснээр саяхан түүний нийт хөрөнгө 64.5 тэрбум ам.долларт хүрэн, “Oracle”-ийн Ларри Эллисон болон Францын “L'Oreal”-ийн өв залгамжлагч Франсуа Бетанкурт Мейерс нарыг үзүүлэлтээрээ тэргүүлэн, жагсаалтын есдүгээрт бичигдсэн байна. Амбани уг жагсаалтад багтсан цорын ганц Ази хүн аж.
Түүний удирдлага дор “Reliance” газрын тос, эрчим хүчний компаниас үүрэн холбоо, дижитал платформ, жижиглэн худалдааны дэлгүүр болон бусад салбарт хүчээ үзсэн, конгломерат болж хөгжсөн байна.
Хэдий “Reliance” газрын тосны салбарт хэд хэдэн бэрхшээлтэй тулгараад байсан ч Амбани өөрийн компанийн дижитал технологийн хэсэг болох “Jio Platforms”-д гуравхан сарын хугацаанд 16.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг цуглуулж чадсан гэнэ. Энэхүү хөрөнгө босгох ажиллагаа болон саяхан хийсэн хувьцааны борлуулалт “Reliance Industries” компанийг ямар ч өргүй болгосон талаар тус компаниас энэ сард мэдэгдсэн. Өнгөрөгч гуравдугаар сарын эцсээр “Reliance”-ийн цэвэр өрийн хэмжээ 1.61 их наяд рупи буюу 21 тэрбум ам.доллар байжээ.
“Jio Platforms” ийнхүү их хэмжээний хөрөнгө оруулалт авч чадсанаар Амбани уг платформыг “Google”, “Alibaba”-тай өрсөлдөх хэмжээний интернэт хүчин чадал болгохыг эрмэлзэж байна. Сонирхолтой нь “Facebook” компани “Jio Platforms”-д 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд хоёр компани хамтран Хятадын “Tencent”-ийн “WeChat”-тай төстэй, мессеж, цахим банк, олон нийтийн сүлжээ болон бусад үйлчилгээ цогц бүрдсэн платформ үүсгэхийг зорьж байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.