Жил бүрийн 7-8 дугаар саруудад Саудын Арабын ариун газарт болдог исламын шашинтнуудын хаж мөргөлийн ёслолд сая сая сүсэгтэн олон ирж оролцдог билээ. Гэсэн ч энэ жил дэлхийн нийтийг хамарсан коронавирусийн халдварын улмаас улс орнууд хилээ хааж, зарим нь хорио цээр тогтоон, олон нийтийн цугларалт, томоохон арга хэмжээнүүдийг хорьсон юм.
Тиймээс энэ жил исламын шашинтнуудын хамгийн том цуглаан хаж мөргөлийг бүрмөсөн цуцалж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлсэн билээ. Харин Саудын Араб улсын Засгийн газар шинэ долоо хоногийн эхэнд мэдэгдэл хийж хаж мөргөлийг дотоодын иргэдэд нээлттэйгээр, гадны мөргөлчдөд хаалттайгаар зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал энэ жил гадаад улс орноос зочин мөргөлчдийг хүлээж авахгүй хилээ хаах юм байна. Харин улс оронд оршин суудаг иргэд уламжлал ёсоор мөргөлдөө оролцож болно. Ингэхдээ халдварт цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлж хоорондоо зай барих дүрмийг хэрэгжүүлэхээр бэлдэж байна.
Саудын Арабын ариун Мекад болдог хаж мөргөлд дэлхий даяар оршин суудаг исламын шашинтай хүн бүр амьдралынхаа туршид багадаа нэг удаа оролцох ёстой гэж үздэг байна. Тус улсад коронавирусийн халдварын тохиолдол 160,000 давсан ба 1,300 гаруй иргэн нас баржээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.