Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орж, үерийн аюултай байгаа учраас малчид, иргэд цаг агаарын мэдээллээ авч, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Төв аймгийн Сэргэлэн суманд энэ сарын 21-нд хоёр иргэн үерийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд нэг иргэн сураггүй алга болж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар ОБЕГ-аас өчигдөр мэдээлсэн юм.
Тэгвэл Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн 14 дүгээр зөрлөг тус сумын харьяат 18 настай малчин залууг энэ сарын 22-ны өдөр “Их наран” гэдэг газраас /сумын төвөөс зүүн урд зүгт 85 км-т, үерийн усанд осолдсон байдалтай/ цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно.
Мөн хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэж байна. Иймд гол мөрний сав эрэг дагуу суурьшиж нутагшиж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа иргэдэд үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.