АНУ-ын “NASCAR” автомашины уралдааны хамгийн дээд зиндааны тэмцээний цорын ганц өнгөт арьст жолооч болох Бабба Уоллесын уралдааны талбайн гараашнаас өнгөрөгч ням гарагт дүүжлүүрийн гогцоо олдсон талаар тус тэмцээний төлөөлөгчид мэдээллээ.
Гогцоо олдсон гараашны хэсэгт зөвхөн уралдааны багууд, харуул хамгаалалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон “NASCAR”-ын ажилтнууд л нэвтрэх эрхтэй байдаг аж.
“NASCAR”-ын албан ёсны мэдэгдэлд “Бид үнэхээр уурлаж, бухимдаж байгаа бөгөөд энэ жигшүүрт үйлдлийг маш нухацтай авч үзнэ гэдгээ онцолъё. Бид нэн даруй мөрдлөгийн ажлыг эхлүүлсэн. Уг хэрэгт хариуцлагатай этгээдийг олж тогтоон, спортоос хөөн зайлуулахын тулд чадах бүхнээ хийх болно. Энэ хэрэг спортоо бүх хүмүүст нээлттэй байлгах бидний шийдлийг улам л бэхжүүлж байна” гэв.
Харин Уоллес өөрийн Твиттер хуудаснаа “Энэхүү жигшүүрт үйлдэлд миний сэтгэл гонсойж байна. Энэ хэрэг нийгмийн хувьд бид хэчнээн их ахиц дэвшилт гаргаж, арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэхэд хэр тууштай байх ёстойг харуулсан хүндхэн сануулга болж байна. Гэвч энэ намайг эвдэхгүй, би бууж өгөхгүй, ухрах ч үгүй. Би итгэдэг зүйлийнхээ төлөө бахархалтайгаар зогсох болно” хэмээн тэмдэглэжээ.
Уоллес сүүлийн хэдэн долоо хоногийн турш “Black Lives Matter” хөдөлгөөн болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсаал цуглааныг дэмжин, өөрийн үзэл бодлоо хурцаар илэрхийлсэн. Мөн тэрээр “NASCAR”-ын удирдлагуудыг цагаан арьстнууд бусдаас илүү гэх үзлийн бэлэг тэмдэг болсон 1860-аад оны Америкийн холбооны улсын далбааг хориглохыг уриалсан ба тус байгууллага зургадугаар сарын 10-нд ийм төрлийн далбааг хориглох шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.