Нийгмийг тольдогч гярхай нүд бүрийг өнөөгийн тэгш бус байдлыг хөндсөн гэрэл зургийн төсөлд оролцохыг урьж байна. 1995 онд дэлхийн Эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаар зарласан "Бээжингийн Тунхаг"-ийн 25 жилийн ойг тохиолдуулж НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас "Би бол эмэгтэйчүүдийн эрхийг ухамсарлагч тэгш эрин үеийнхэн" аяныг эхлүүлсэн билээ.
Тус аяныг буухиалан Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо буюу IWFCI Mongolia, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Arts Council of Mongolia нар хамтран ЗҮҮМ: БИ ТЭГШ ОРОЛЦООТ НИЙГМИЙГ ЭРМЭЛЗЭГЧ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ гэрэл зургийн төслийг санаачлан зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх гэж байна.
20-р зууны түүхэнд үзэл санааны өөрчлөлтийг үндэслэсэн баримтат гэрэл зургуудыг олноор нь нэрлэж болно. Тиймдээ ч соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар болох гэрэл зургаар дамжуулан, онцгойлон эмэгтэй уран бүтээлчдийн тэгш эрхийн дурангаар нийгмийг тольдон, тэдний бүтээлээр нийгэм дэх тэгш боломж, оролцоог нэмэгдүүлж, тэгш бус хүртээмж, хэвшмэл хандлагыг халах, аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх, цаашлаад олон нийтэд таниулахад энэ төслийн гол зорилго оршино.
Төсөлд мэргэжлийн эмэгтэй гэрэл зурагчдаас гадна эмэгтэй гэрэл зураг сонирхогчид буюу шинэ авьяастнуудыг тодруулан хамруулж, тэднийг үзэл санаагаа илэрхийлэх, дуу хоолойгоо өргөх, ур чадвараа ахин нэмэгдүүлэхэд нь түлхэц болох юм.
Төслийн хүрээнд баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сан, зочин багш Нидерланд улсын гэрэл зурагчин Lien Heikens болон Хүний эрх, жендэр судлаачдын баг хамтран таван удаагийн цуврал сургалтыг зохион байгуулна. Сургалтад бүтээлч байдал, оюуны өмч, хүний эрх, аюулгүй байдлын тухай хичээлүүд багтах ба энэ нь оролцогчдыг дараагийн шатанд бэлтгэх үйл явц юм.
Гэрэл зургийн төсөлд оролцох болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.