Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар тархалтын талаарх ээлжит нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр найман сая 896 мянган хүн өвчилж, 466 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цаг 138 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас барсан байна.
Хөрш ОХУ-д өвчлөл 7889 шинэ тохиолдлоор нэмэгдэж, нийт 180 мянган хүн нас баржээ. Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Туваа мужуудад өвчлөл өмнөх өдрийнхөөс 55-193 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Манай улсад сүүлийн 24 цагт 533 хүн ажиглалтад орж 83 хүн ажиглалтаас гаран гэрийн тусгаарлалтад орлоо. Одоогоор нийт 2184 хүн тусгаарлах байранд байна.
Франкфурт-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 526 иргэн ирснээс ХӨСҮТ-д есө, Цэргийн төв эмнэлэгт 15 иргэнийг тусгаарлалаа. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан есөн хүний биеийн байдал хүнд байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шуурхай 119 дугаарт 119 дуудлага ирэн коронавирусийн талаар зөвлөгөө авчээ.
ХӨСҮТ-ын ерөнхий захирал Д.Нямхүү:
-2020 оны 06-р сарын 20-нд ХӨСҮТ-өөс нийт 314 хүнд коронавирусийн шинжилгээ хийснээс 312 сорьц сөрөг гарч коронавирус илрээгүй.
Хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Нэг нь 66 настай орос, нөгөө нь Франкфурт-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 80 настай иргэн. Мөн ХӨСҮТ-өөс долоон хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр иргэд 20-37 хоног эмчлэгдлээ.
Монгол улсад 206 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс эдгэрсэн 139, эмчлэгдэж буй 67 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 60, хүндэвтэр долоон иргэн байна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс сэжигтэй таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.