Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, швед охин Грета Тунберг дэлхий ертөнц коронавирусээс сургамж аван, цаг уурын өөрчлөлтийг үүний адил яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэжээ.
Тэрээр “BBC News”-т өгсөн ярилцлагадаа цаг уурын өөрчлөлтийн хямралыг аливаа “Ногоон сэргээн босголтын төлөвлөгөө” дангаараа шийдэх боломжгүй гэж үзэж буйгаа илэрхийлэн, дэлхий дахин шаардлагатай бүх хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй гэсэн байна.
Грета Тунберг коронавирусийн тахлаас гарах цорын ганц эерэг зүйл бол дэлхийн хэмжээний хямралыг даван туулахын тулд заавал ямар нэгэн арга хэмжээ авч, байгаа бүх хүчээ дайчлах ёстой гэдгийг харуулж байгаа явдал юм гэжээ. Улс төрчид эрдэмтэд, шинжээчдийг сонсох нь чухал болохыг ихээр онцолж байгаад тэр их баярлаж байгаа бөгөөд цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтлоос үүдэлтэй өвчнөөр нас барж байгаа хүмүүст туслах арга хэмжээг нэн яаралтай авах талаар хэлэлцэж эхэлнэ гэж сурагч охин найдаж байгаа аж.
Сургуулиасаа чөлөө аваад, дэлхий даяар аялан, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг уриалдаг Грета цаг уурын онц ноцтой хямралаас зайлсхийх цорын ганц арга зам бол компаниуд болон улс орнууд одоогийн байгуулсан гэрээ, хэлцлээ цуцлах явдал гэж үздэг. Тэрээр “Уур амьсгал, экологийн хямралыг өнөөгийн улс төр, эдийн засгийн тогтолцоонд шийдвэрлэх боломжгүй. Энэ бол үзэл бодол биш. Энэ бол баримт” гэсэн юм.
Одоогоор хөл хорионы улмаас гэртээ байж, олон нийтийн харцнаас холуур амарч байгаа Тунберг цахим ярилцлагынхаа төгсгөлд “Бид чадах бүхнээ хийх нь хангалтгүй болсон. Бид одоо боломжгүй мэт зүйлсийг хийх ёстой. Энэ та бид хоёроос эхэлнэ. Учир нь бидний өмнөөс өөр хэн ч үүнийг хийхгүй” гэлээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.