Ковид-19 коронавирус БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотод өнгөрсөн оны 12 дугаар сард анх илэрсэн билээ. Харин Европын орнуудад үүнээс хойш хоёроос гурван сарын дараа албан ёсоор бүртгэгдсэн ч үнэн хэрэгтээ аль эрт тархсан байсан талаар эрдэмтэд сануулаад байгаа юм.
Италийн эрдэмтэд хоёр ч хотод өнгөрсөн оны 12 дугаар сард хуримтлагдсан муу усыг шинжилж үзээд коронавирус илэрсэн болохыг мэдэгджээ. Үндэсний Эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдэгдэж байгаагаар Милан болон Турин хотуудад 12 дугаар сарын 18-ны өдөр хуримтлагдсан бохир уснаас коронавирус илэрсэн байна.
Тиймээс зөвхөн Европ, Итали гэлтгүй дэлхийн бусад улс орнуудад ч ялгаагүй коронавирус албан ёсоор илэрснээс нилээд удаан хугацааны өмнө нэвтэрч, тархсан байгааг гэрчилж байгаа юм. Хятадад 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр илэрсэн Ковид-19 цар тахлын анхны тохиолдлыг Итали улс 2020 оны хоёрдугаар сарын дундуур бүртгэсэн байдаг.
Үүнтэй ижил тохиолдлыг Франц улсад илрүүлсэн билээ. Тус улсад мөн 3-4 сарын өмнө коронавирусийн анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн боловч үнэн хэрэгтээ өнгөрөгч оны 12 дугаар сарын 27-ны өдөр Парис хотын ойролцоо өвдсөн эрэгтэй коронавирусээр халдварласан байсан гэж үзээд байгаа юм.
Мөн Испани улсад нэгдүгээр сарын дундуур хуримтлагдсан муу уснаас коронавирус илэрсэн нь анхны тохиолдол бүртгэгдсэнээс 40 хоногийн өмнө ажээ. Италийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 40 орчим хотын өнгөрсөн оны сүүлээр хуримтлагдсан муу усыг шинжилж эхлээд байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.